Төмөр замчдын эрх ашиг, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо санаачлан “Төмөр замчдын хөдөлмөрийн форум 2025”-ыг өнөөдөр зохион байгууллаа.
Уг форумаар төмөр замын салбарын хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал, хүний нөөцийн хөгжил, орчин үеийн технологийн нэвтрүүлэлт зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндсөн илтгэл, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг хэлэлцжээ.
Форумыг Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг нээх үг хэлэхдээ, “Энэхүү форум нь ажил олгогч, ажилчин гэх мэт шат шатны төмөр замчдын төлөөлөл оролцож буйгаараа ач холбогдолтой. Учир нь төмөр замчдын өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн талаар хэлэлцэнэ. Форумаас гарсан асуудал шийдэл бүр бодит үйл хэрэг болно гэдэгт бид итгэж байна” гэв.
Үүний дараа Зам тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт “Монгол Улсын төмөр замын өнөөгийн байдал, хөгжлийн цаашдын хандлага”, Төмөр замчдын ҮЭХ-ны дарга Б.Алтанхуяг “Зохистой хөдөлмөр, тогтвортой хөгжлийн зорилт” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү форум нь салбарын ажилтнуудын эрх ашиг, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цаашдын хамтын ажиллагааны шинэ гарц, боломжуудыг тодорхойлсон, үр дүнтэй уулзалт болсныг зохион байгуулагчид онцоллоо.
Уг форумд дотоод, гадаадын 200 гаруй зочид, төлөөлөгч оролцов.