Архангай аймаг агаарын чанарыг хянах автомат станцтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-14 16:01:06

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болох ажлыг эхлүүллээ.


Анхны автомат станцыг Архангай аймагт суурилуулсан бөгөөд 24 цаг, 365 хоног тасралтгүй ажиллах юм. Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, байгаль орчны суурь үзүүлэлтүүд, нарийн тоосыг хэмжинэ. Өнгөрсөн хугацаанд 8:00, 12:00, 20:00 цагуудад механик байдлаар төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол бодит цагийн хэмжилтээр минут тутамд тооцоолох боломжтой болжээ.


Автомат станц суурилуулснаар хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг хэмжих, хяналт тавих боломж бүрдэж, технологийн том дэвшил гарч байгааг албаныхан онцлов.

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа хэлэхдээ, “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам “Стандарттай байгаль орчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн төвүүд агаарын чанарыг хэмжих багажгүйгээс болж стандартыг мөрдүүлж чаддаггүй байсан. Стандартаа мөрдөхөд чухал ач холбогдолтой станцыг бид хүлээж авлаа. Мөн Цаг уур, орчны шинжилгээний байгууллагууд зөвхөн хэмждэг, шинжилдэг байсан бол энэ цаг мөчөөс эхлэн хяналт тавих механизмуудаа ажиллуулж эхэлнэ. Орчны хяналтыг бүрэн хийх боломжтой болж байна. Энэхүү автомат станцыг 21 аймагт суурилуулна. Архангай аймгийн дараа Хэнтий аймагт суурилуулах ажлыг хийнэ. Завхан, Увс аймаг агаарын чанарыг хэмждэг автомат станцтай болно. Мөн Хөвсгөл, Орхон, Дархан -Уул аймаг тавдугаар сард агаарын чанарыг хэмждэг автомат станцтай болно” хэмээв.


ЦУОШГ-ын дарга Э.Баттулга ярихдаа,  “Орчны шинжилгээний салбарт түүхэн мөч тохиож байна. Монгол Улсад 1936 онд анхны долоон цаг уурын өртөө байгуулж байсны нэг нь Архангай аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний төв юм. 90 жилийн дараа агаарын чанарын автомат станцтай болж байгаа нь Цаг уур, орчны шинжилгээний газрын хувьд технологийн том дэвшил болохоос гадна орчны хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх боломжийг нээж байна. Угсралтын явцад мэргэжилтнүүдийг сургаж, цахим сургалтыг зохион байгуулснаас гадна БНСУ-д үйлдвэрт сургахаар төлөвлөсөн. Аймгийн төвүүдэд нүүрс, шатах төрлийн материал болон авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа бохирдлыг хэмжсэнээрээ хянах, тохируулга хийх, стандартаас давсан бохирдол ялгаруулж байгаа тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох, шаардлага хүргүүлэх боломжтой болж байна"  гэв. 


Энэхүү үйл ажиллагаанд БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, ЦУОШГ-ын дарга Э.Баттулга, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон аймгийн Байгаль орчны салбарын удирдлага, мэргэжилтнүүд оролцов.


Холбоотой мэдээ