Монголд тулааны спортын дөрвөн төрөлтийн анхны тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Nomadic Fighting Championship” тулааны спортын дөрвөн төрөлт холбооны анхны эвент болох гэж байна.
Энэ хүрээнд есөн тулаан болох бөгөөд ММА, кикбокс, муайтай, сабмишн грапплинг гэсэн төрлөөр оролцогчид тулалдах аж. Энэ үдшийн оргил тулаанд холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ NFC холбооны хамгийн анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайландын тамирчин Танавит Ликиттэй тулалдах юм байна. Харин бусад монгол тамирчдын эсрэг гадаадын чансаа өндөртэй тулаанчид рингэнд гарна.
“М банк арена”-д энэ сарын 27-нд болох дөрвөн төрөлт тулааны тасалбарын үнэ 60 000-3 000 000 төгрөг байх аж. Энэхүү тулаанд өрсөлдөх олон улсын хэмжээний мастер М.Нандин-Эрдэнэ эх орондоо өчигдөр ирсэн бөгөөд тэрбээр энэхүү тулааны бэлтгэлээ Монголд хийх юм.