СЭЛЭНГЭ: Тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгууллаа

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2025-04-17 11:47:43

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, "Атрын IV" аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 3 км тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгууллаа.

 

Дээрх зурвасыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн ХХААГ, "Атар трейд" ХХК-ийн дэмжлэгтэйгээр сумын ЗДТГ, Сум дундын ойн анги, Цагааннуур тохижилт ОНӨААТҮГ-ын ажилтан, албан хаагч нар хамтран гүйцэтгэж байна.

 

Хамгаалалтын ойн зурвасыг байгуулахдаа хуурай салхи, ган, хөрсний эвдрэл зэргээс урьдчилан сэргийлэх, улмаар говь хээрийн болон ойт хээрийн бүсийн хөдөө аж ахуйн таримлын ургацыг нэмэгдүүлэх зорилгоор ээлжлэх тариалалтын талбай, жимсний модны цэцэрлэг, усны суваг шуудуу болон бусад эдэлбэрийн хилийг дагуулан нэг хоёр, түүнээс дээш эгнээгээр суулган тарьдаг байна.

 

Тариалангийн талбайд ойн зурвас байгуулах нь хөрсийг салхины элэгдлээс хамгаалах, агаарын харьцангуй чийг, хөрсний чийгийн хэмжээ нэмэгдэн ургамал ургах тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх, ашигт бичил биет амьдрах чадвартай болсноор хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, нөмөр нөөлөгтэй болсноор дулааны хангамж нэмэгдэн тариалалтыг эрт хийх бололцоо бүрдүүлэх, тариалангийн талбайн талбай ашиглалтыг сайжруулах, улс орныг ойжуулахад хувь нэмэр болох, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, экологид ээлтэй газар тариалангийн үйлдвэрлэл явуулахад чухал ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ