Дотоодын аж ахуй нэгжийн бондын зах зээлд оролцох идэвхи оролцоог нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-17 17:57:59

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. ТОП-100 аж ахуйн нэгж хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжтой боллоо.


Манай Улсын  үнэт цаасны арилжаа өнгөрсөн онд 1.58 их наяд төгрөгт хүрсэн нь 2023 оныхтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Үүнээс компанийн бонд 60 орчим хувийг эзэлж байна. Засгийн газрын өчигдөр гаргасан богино, дунд хугацааны бондын арилжааны захиалга зарласан дүнгээсээ 4 дахин давсан. Зургаан сарын хугацаатай бонд 4.6, 24 сарын хугацаатай бонд 4.2 дахин их захиалга буюу 43.7 тэрбум төгрөгийн захиалга аваад байна. Энэ мэтчилэн бондын зах зээл жил ирэх тутам хөгжиж байна. Цаашид томоохон компаниудыг хөрөнгийн зах зээлд бонд гаргах замаар санхүүжилт татах бололцоог нэмэх нь чухал гэж салбарынхан онцолж байна.


Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн ярихдаа, "Дэлхийн томоохон аж ахуйн нэгжийн дийлэнх нь хувьцаат компанийн хэлбэртэй байдаг. Манай улсын хувьд 10 орчим хувь нь нээлттэй хувьцаат компани. Бид энэ тоог нэмж, илүү хариуцлагатай, компанийн засаглал сайтай ил тод компани  үүсгэе гэсэн зорилгоор ТОП-100 аж ахуйн нэгжийг хөрөнгийн зах зээл рүү татах арга хэмжээний хөтөлбөрийг баталсан. Журмаар тэд бондын зах зээлээс дунд, урт хугацаанд шаардлагатай санхүүжилтээ татах боломжтой юм. Тухайлбал, Банкны зарим төрлийн зээл нь эргэн төлөх хугацаанаас шалтгаалан богино хугацаатай байдаг. Бондод ийм хязгаар байдаггүй. Хөрөнгө оруулагч 5-10 жил хүртэлх хугацаанд өөрийнхөө татсан бондын хүүг түгжээд авах боломжтой. Энэ нь тухайн компанид урт хугацаанд санхүүгээ төлөвлөх боломжийг олгоно" гэв.


Голомт капитал ҮЦК ХХК-ийн  Хөрөнгө оруулалтын газрын захирал М.Нарангэрэл,  "2021 онд биржийн бус зах зээлийн зохицуулалтын орчин бий болсноор бондын зэх зээл эрчимтэй хөгжсөн.

Гэхдээ Засгийн газар болон орон нутгийн бонд урт хугацаатай гарч байгаа ч компанийнх хөгжсөн эдийн засагтай бусад улстай харьцуулахад богино, хамгийн уртдаа 24 сарын хугацаатай гарч байна.

Энэ нь шинээр төсөл хэрэгжүүлж байгаа хүнд үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарт жаахан хүндрэлтэй. Бондын хүү, хугацаа, үндсэн нөхцлийг илүү уян хатан болгож байж компаниуд бонд гаргах сонирхол нь илүү өснө” хэмээв.


Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ ярихдаа, "Монголын хөрөнгийн зах зээл нээлттэй хувьцаат компани гэсэн бүртгэлтэй 13 компани байна. Эдгээр нь өнгөрсөн хугацаанд 300 тэрбум орчим төгрөгийн бонд гаргасан. Цаашид нээлттэй хувьцаат компанийн тоог нэмэх зорилгоор бондын бүртгэлийн журамдаа олон шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд бүртгэлийг цаг хугацааны хувьд хялбаршуулж, зах зээлийн өртгийг багасгах, төлбөрийн шимтгэл хураамж түүнд хамаарч байгаа бондын зардлыг бууруулах юм. Мөн тодорхой үнийн дүн, хугацаатай бондод барьцаа хөрөнгийн шаардлага тавихгүй. Компаниуд бизнесээ тэлэх зорилгоор санхүүжилт авч, бизнэсээ эхлээд явж байна. Бидний зүгээс дотоодын үндэсний үйлдвэрлэгч компаниудаа бондын зах зээл дээр дэмжих бодлого баримтална" гэв.


Цаашид зөвхөн ТОП-100 аж ахуйн нэгж гэж хязгаарлахгүйгээр бусад компанид ч бондын зах зээлд оролцох боломж олгоно гэдгийг энэ сарын 17-нд болсон “Бонд форум-2025” хурлын үеэр оролцогчид онцлов.


Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгаар зохион байгуулж буй тус форумд "Санхүүгийн зохицуулах хороо", "Хөрөнгийн бирж", "МҮХАҮТ" болон олон улсын санхүүгийн байгууллага, төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагчид оролцож Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлж, жишиг хүү тогтоох ач холбогдол болон хөрөнгө оруулагч, бонд гаргагчид тулгарч буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм.

 




Холбоотой мэдээ