Хоолны хордлогоор эмчлүүлж байсан 91 хүн эмнэлгээс гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-18 12:59:09

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн Цогтцэций  суманд хоолны хордлого авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 91 хүн эмнэлэгээс гарчээ.

 

ХӨСҮТ-ийн эмч, судлаачид Өмнөговь аймгийн Цогтцэций, Гурвантэс суманд байрладаг уурхайд гарсан хоолны хордлогын сэжигтэй тохиолдлын голомтод ажиллаж, хүндэрсэн өвчтөнүүдийг эмчилж байна.

 

ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа  ярихдаа,  "Манай төвд Цогтцэций сумаас нийт 119 өвчтөн хэвтэн эмчлүүлснээс 91 нь эмнэлгээс гарсан. Тус сумд ажилласан баг маань Гурван тэс сумын голомтод очиж 758 хүнээс асуумж судалгаа аваад байна. Одоогоор эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн 117 хүн  эмнэлэгт эмчлүүлж байна. Голдуу 19-60 насныхан бөгөөд усархаг шингэнээр суулгах, толгой өвдөх, гэдэс базлах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн. Дээрх хоёр тохиолдолд нян судлалын шинжилгээ хийхэд эхний байдлаар сальмонелла хэмээх бактериар үүсгэгддэг гэдэсний халдвар илэрсэн. Энэ төрлийн нян бактери нь сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, цөцгийн тосонд үрждэг. Ахуйн замаар дамждаг энэ халдвараар хэн ч өвдөж болно. Шинж тэмдэг хөнгөн, дунд зэргийн үед антибиотик болон суулгалтын эсрэг эмээр хүнд үед судсаар дусал шингэн болон антибиотикийн эмчилгээ хийдэг" хэмээв.

 

Дулааны улирал эхэлж байгаа энэ үед хоолны хордлогын тохиолдол эрс нэмэгддэг. Иймээс гараа тогтмол угааж, баталгаатай газраас хоол хүнс авах, зөв хадгалах зэргээр хоол хүнсний аюулгүй байдлаа хангахыг тэрбээр зөвлөв.  

Холбоотой мэдээ