Далд эдийн засгийг багасгах зорилгоор сургалт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 10:08:37

“Эдийн засгийн ил тод байдал”-ын тухай хуулийн дагуу Орхон аймгийн Татварын хэлтэс энэ сарын 12,13 нд иргэн, аж ахуйн нэгжид зориулж сургалт, мэдээлэл хийнэ.

Уг хууль нь далд эдийн засгийг багасгах, татварын баазыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөн бий болгох зорилгоор хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдээлсэн тохиолдолд хуулийн хариуцлага, торгуулиас нэг удаа чөлөөлөх юм. Тодруулбал, иргэн, аж ахуйн нэгж орлогоо нуун дарагдуулж татвараа дутуу төлсөн бол дээрх хуулийн хугацаанд үнэн зөв мэдээллэвэл аж ахуйн нэгжийн албан татвар, орлогын албан татвар, үл хөдлөх, эд хөрөнгө, нэмүү өртгийн албан татвараас чөлөөлнө.

Мөн онцгой, гаалийн албан татвараас нэг удаа чөлөөлнө. Өөрөөр хэлбэл, энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө өөрийн орлогоо бусдын нэр дээр бүртгүүлсэн буюу нуун дарагдуулсан бол түүнийгээ шударгаар хүлээн зөвшөөрвөл татварын чөлөөлөлт эдэлнэ. Иймд Орхон аймгийн Татварын хэлтэс энэ оныг дуустал хэрэгжих уг хуулийг иргэдэд мэдээлж сургалт зохион байгуулах ажээ. Орхон аймагт далд эдийн засаг 40 гаруй хувьтай байдаг гэсэн тооцоо судалгаа байдаг юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ