Азийн Хөгжлийн банкны зээлээр цэвэрлэх байгууламжаа шинэчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан хотын цэвэрлэх байгууламжийг сайжруулж шинэчлэх асуудал олон жилийн өмнөөс яригдаж 50 гаруй жилийн настай бохирын шугам солих ажлыг энэ оноос эхлэн хийж байна. Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болох 20.7 сая долларын санхүүжилтээр бохир усны менежментийг сайжруулах “Мон-344/345 төсөл” гурван жилийн хугацаанд хэрэгжинэ.
Энэ хүрээнд төслийн санхүүжүүлэгч Азийн Хөгжлийн банкны төлөөллүүд Дархан хотод хоёр хоног ажиллав. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийж төслийн баримт бичигт тусгах саналуудыг хэлэлцлээ. Улмаар төсөл хэрэгжүүлэх санамж бичгийг БХБЯ, Азийн Хөгжлийн банк, “Дархан Ус суваг” ХК-ийн удирдлагууд энэ сарын эхний долоо хоногт Улаанбаатар хотод гарын үзэг зурна.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн банкны хувьд олон улс оронд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж энэ төрлийн хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллаж байсан арвин туршлагатай тухай холбогдох албаныхан ярьж байлаа. Ийнхүү байгаль орчинд ээлтэй хот байгуулалтыг дэмжих зорилготой уг төсөл хэрэгжсэнээр 1965 онд ашиглалтад орсон Дархан хотын бохир усны шугамыг сольж цэвэрлэх байгууламж бүхэлдээ шинэчлэгдэх ач холбогдолтой. “Дархан Ус суваг” ХК нь хоттойгоо нас чацуу шахам 5300 метр шугам хоолойг шинэчлэхээс эхлээд дагалдах олон ажлыг эргэн төлөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлээр хийж гүйцэтгэхээр болж байна.
Б.Норовсамбуу