Хаягдал дугуйгаар хогийн сав хийж Хэрлэн голын эраг дагуу тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-11-02 10:47:39

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн сар бүрийн нэгний өдрйг “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэдний үзэл бодол тулгамдаад байгаа асуудлынх нь талаар ярилцаж санал бодлоо солилцдог билээ. Энэ удаагийн уулзалтыг аймгийн Дархан газрын хамгаалалтын захиргаанд зохион байгууллаа.

Уулзалтад аймгийн төвийн сургуулиудын сурагчдын зөвлөлийн гишүүн, скаут, улаан загалмайн идэвхтэн гишүүн хүүхдүүд оролцож өөрсдийн санал бодлоо аймгийн удирдлагад уламжлав. Хүүхдүүдийн зүгээс сургуулиудын номын сангийн баяжилт хангалтгүй байдаг, чөлөөт цаг өнгөрөөх орчин нөхцөл хомс, сургуульдаа охидын болон эмч нарын зөвлөгөө өгөх өрөөтэй болмоор байна зэрэг олон асуудлыг тавьж байлаа.

Уулзалтын үеэр Дорнод аймгийн 8-р сургуулийн сурагчдын зөвлөл “Нэг хүүхдийн оролцоо-нэг хогийн сав” аяныг энэ хавар сургууль дээрээ хэрэгжүүлж хаягдал дугуйгаар хогийн сав хийн Хэрлэн голынхоо эргээр тавьсан бүтээлч ажлынхаа талаар Засаг даргад танилцуулсан. Мөн аймгийн ХЗГБХХ –ээс сүм хийдэд шавилан суугаа хүүхдүүдийн боловсрол, хөгжилд анхаарч ажиллаж байгаа талаараа дурдлаа. Тус хэлтсийн дэргэд саяхан “Хэрлэнгийн баръяа” уртын дууны чуулга байгуулагдсан билээ. Энэ чуулгад сүм хийдэд шавилан суугаа хүүхдүүдийг хамруулахаар ажиллаж байгаагаа дурдав. Засаг дарга уулзалт ирсэн хүүхэд бүрийн санал бодлыг сонсож тэндээс гарсан саналыг аймаг орон нутгийн хөгжлийн бодлого, хотын төлөвлөлт бүтээн байгуулалтад тусган ажиллахаа амлав. Өмнөх саруудад болсон энэ уулзалтаар хүүхдүүд аймгийн төвийн замд хурд сааруулагч, явган хүний гарц дутмаг байгааг аймгийн удирдлагуудад дуулгаж байсан бол энэ сарын уулзалт болоход сургуулиудын ойролцоог авто замуудад дээрх ажлуудыг бүрэн хийгээд байгаа юм.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ