Испани дахь монголчуудын холбооны үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсад ажиллаж амьдарч буй иргэд, АСИМОН монголчуудын холбооны төлөөлөл, Соёлын элч Д.Мэндмаа, Өргөмжит консул Виктор Албиол нартай уулзлаа.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн томоохон зорилтуудын талаар танилцуулж, хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, үндэсний соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх талаар ярилцав. Мөн үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Дэлхийн монголчууд-II” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй АСИМОН Монголчуудын холбооны үйл ажиллагааг сайшаан батламж гардуулсан бөгөөд цаашид дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Соёлын элч Д.Мэндмаа нь монголын соёл урлагийг Испани Улсад сурталчлахын зэрэгцээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд төгөлдөр хуурын олон улсын наадам тэмцээнд монголоос 100 гаруй хүүхдийг оролцуулсан байна. Иймд хоёр улсын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, испанийн алдартай хөгжмийн сургуулиудад оюутан сургах чиглэлээр хамтарч ажиллахаар тогтлоо. Үүний зэрэгцээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг монгол иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлж, хууль ёсны эрхийг нь хамгаалахад санаачилгатай ажиллаж байгаа Өргөмжит консул Виктор Албиолд талархал илэрхийлж, хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хувийн хэвшил хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх чиглэлээр түлхүү анхаарч ажиллах нь чухал гэдгийг онцоллоо.