ЗАВХАН: Хаврын их цэвэрлэгээг эрт хийснээр халдварт өвчнийг бууруулахад тустай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-03 16:37:39

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төвд өнөөдөр нийтийн их цэвэрлэгээ хийж байна.


Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 10 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 6 дахь, 10 дахь заалтуудын дагуу нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна.


Улиастай суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд хамтран байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх үүргийн дагуу нийтийн эзэмшлийн хуваарьт газрынхаа хог хаягдлыг цэвэрлэж байна.


Аж ахуйн нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах үүрэгтэй байдаг. 


Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээнд 120 аж ахуйн нэгж, албан байгууллагын 4500 гаруй албан хаагч, 2800 гаруй иргэн оролцож байна. Их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг аж ахуйн нэгжүүд болон Улиастай сумын Хот тохижилт үйлчилгээний албанаас нэгдсэн журмаар ачих юм.


Хаврын их цэвэрлэгээг эрт хийх нь чухал. Ялангуяа голын ай сав дагуух газруудад их цэвэрлэгээ хийснээр эрүүл ахуй талаасаа болон гол усыг бохирдуулахаас сэргийлдэг.


Оршин суугаа газрынхаа болон нийтийн эзэмшлийн зам талбай дахь хог хаягдлыг газар гэсэхээс урьтаж цэвэрлэснээр хөрсний бохирдлоос сэргийлээд зогсохгүй, халдварт өвчний тархалтыг бууруулах боломжтой юм. Амьдарч, ажиллаж буй орчныхоо тав тух, цэвэр орчныг бий болгох нь ганц Тохижилтын байгууллагын үүрэг бус, хүн бүхний оролцоо, тэдний идэвх чармайлтын үр дүнгээс шууд шалтгаалдаг гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв. 


Нийтийн их цэвэрлэгээгээр голын ай сав дагуу болон, гуу жалга, гудамж талбайг цэвэрлэж байна

Холбоотой мэдээ