Англид трансжендэр хөлбөмбөгчдийг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-05-06 17:16:48

ЛОНДОН, 2025 оны тавдугаар сарын 6 /Forbes/. Английн хөл бөмбөгийн холбоо (FA) трансжендэр тоглогчдыг тус байгууллагын ивээл дор болдог эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хоригложээ.


"Дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн Дээд шүүхийн шийдвэрийн дагуу бид бодлогоо өөрчилж байна. Энэ оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн трансжендэр эмэгтэйчүүд Английн эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээнд оролцох боломжгүй болно" гэж Английн хөл бөмбөгийн холбооны албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна. 


Одоогоор Английн сонирхогчдын хөл бөмбөгт хүйсээ солиулсан 20 орчим эрэгтэй тоглож байгаа бол мэргэжлийн хөл бөмбөгийн клубүүдэд ийм тоглогч байдаггүй. 


Өнгөрсөн сард Их Британийн Дээд шүүхээс 2010 оны Тэгш байдлын тухай хуульд “эмэгтэй” болон “хүйс” гэсэн нэр томьёог хүйсийн баримжаа бус зөвхөн биологийн хүйсийг илэрхийлнэ гэж үзжээ.

 

Транжендэр тамирчдыг тэмцээн уралдаанд оролцуулах эсэх асуудлаар спортын ертөнцөд одоогоор нэгдсэн байр суурьт хүрээгүй байгаа юм. Трансжендэр тамирчдыг өөрсдийн ивээл дор болох тэмцээнд оролцуулах журмыг өөрсдөө тогтоох эрхийг олон улсын спортын холбоодод Олон улсын олимпын хороо (ОУОХ) 2021 оны 11 дүгээр сард олгожээ. Энэ эрхийг хэрэгжүүлсэн эхний байгууллага бол Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо юм (World Athletics). Тус холбоо бэлгийн бойжилт эхэлсний дараа хүйсээ солиулсан трансжендэр тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хоригложээ. Олон улсын усан спортын холбоо (FINA), Олон улсын дугуйн холбоо (UCI), Олон улсын крикетийн зөвлөл (ICC) зэрэг байгууллагууд ч мөн адил хүйсийн шилжилтийг бэлгийн бойжилт (ойролцоогоор 12 нас) дууссаны дараа хийсэн трансжендэр тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглох шийдвэрийг гаргасан байна.


Харин ОУОХ хүйсээ солиулах мэс засал хийлгээгүй трансжендэр тамирчдыг Олимпын наадам зэрэг бүх тэмцээнд оролцохыг зөвшөөрдөг. Гэхдээ ийм тохиолдолд тэдний тестостерон дааврын түвшин нь тэмцээн эхлэхээс өмнө хамгийн багадаа 12 сарын турш нэг литрт 10 наномолиос ихгүй байх ёстой, мөн тэмцээний туршид энэ түвшинд байх ёстой. 


Олимпын наадамд оролцсон анхны трансжендэр тамирчин бол Шинэ Зеландын хүнд атлетикийн тамирчин Лорел Хаббард юм. Тэрбээр 2021 онд Токиод болсон Олимпын наадамд оролцжээ. 



Холбоотой мэдээ