С.Оюунзаяа: Хүүхдийн асуудал бол бүх асуудлын нэгдүгээрт байх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-05-09 14:30:26

Булган, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Сүхбаатарын Оюунзаяатай уулзаж ярилцлаа. 

Хүүхэд бүр хүний орчлонд заяасан утга учраа аз жаргалтайгаар мэдэрч, эрүүл энх өсөн хүмүүжээсэй гэсэн туйлын хүсэлтэй тэрбээр хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулан залуу нас, эрдэм оюунаа дайчлан зүтгэж хичээж, дэмжиж ирсэн үе үеийн хүүхэд, гэр бүлийн салбарын ажилтан албан хаагчдадаа маш их баярлаж явдгаа илэрхийллээ. 


-Хүүхдийн байгууллагын онцлог, бусад салбараас ялгаатай тал нь юу вэ?

-Бидний ирээдүй болсон хүүхэд багачуудыг хөгжүүлэх, төлөвшүүлэх, тэднийг эрүүл, аюулгүй, айдасгүй өсөж хөгжихөд нийгэм, эцэг эх, асран хамгаалагч, үүрэг хүлээгчдийг бодлого, арга зүйгээр хангадаг байгууллага. Бусад салбартай харьцуулахад бидний өнөөдрийн хийж байгаа ажил, үйлчилгээний үр ашиг, өгөөж тэр дороо харагддаггүй. Жишээ нь тогооч хүн өөрийнх нь хийсэн хоолыг амтархан идэхийг харах, уран сайханч хүн өөрийнх нь үзүүлбэрийг хараад алга таших үзэгчдийг хараад сэтгэл ханамжийг мэдэрдэг бол бидэнд тийм мэдрэмж авах нь бага, бас цаг хугацааны хувьд ихээхэн хол байдаг.

 

-Таныг төрийн албаны шатлан дэвших зарчмаар явж байгаа хүн гэж боддог. Энэ байгууллагатай хэзээ холбогдсон бэ?

-Анх 2014 онд Д.Оюунбилэг даргын бичиг хэргийн ажилтнаар ажилд орж байсан. Дунд нь 2 жил уул уурхайн салбарт ажиллаад эргээд энэ салбартаа орж ирсэн. Т.Баярбат даргаас энэ албан үүргийг хүлээж авсан ийм л түүхтэй.

 

-Энэ жил та бүхний хувьд онцлог жил. 100 жилийн ойгоо угтан ямар ажлууд төлөвлөж байна. Хэрэгжилт хэр байна?

-Монгол Улсын хэмжээнд хүүхдийн байгууллага үүсгэн байгуулсны түүхт ой тохиож байгаа.

Бид 100 жилийн ойн хүрээнд хүүхдийн асуудал бол бүх асуудлын нэгдүгээрт байх ёстой, хүүхдийн сайн сайхны төлөө эцэг эх, төр, төрийн бус байгууллагын хамтын оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд зориулсан хөгжлийн олон талт ажлыг зохион байгуулахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Аливаа тэмдэглэлт ой гэдэг бол нэг удаагийн тэмцээн уралдаан, уулзалт, цайллага дайллагаар дуусах учиргүй гэж боддог. Мэдээж хүүхдийн байгууллагын үе үеийн түүхэн замналыг харуулсан массын үйл ажиллагаа, түүхийн баримт болсон ном, кинонд онцгойлон ач холбогдол өгч ажиллана. Энэ салбар, энэ байгууллагатай ажил амьдралаа холбосон нэг ч хүнийг үлдээхгүй гэдэг зорилгоор судалгааны ажилд ихээхэн анхаарч байна.

 -Танай байгууллагын хувьд 2024 он ямар байв. 2025 онд юунд анхаарч ажиллах вэ?

-2024 он амжилт бүтээлийн оргил жил байсан гэж товчхондоо дүгнэж болно. Онцлог ажлуудаас дурдвал,

-10 жил үйл ажиллагаа нь түр зогссон байсан Жаргалант зуслан маань дахин үйл ажиллагаагаа эхэллээ.

-Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, иргэдийг хүлээн авах түр хамгаалах байрыг ажилтан албан хаагчийнхаа дотоод нөөцийг ашиглан барьж ашиглалтад орууллаа. Ингэснээр хүүхдийг эрүүл, аюулгүй стандартад нийцсэн орчинд хамгаалах нөхцөл боломж 100 хувь хангагдлаа.

-Эрсдэлт нөхцөл дэх өрхийн хүүхдэдээ 100 хувь хүрч ажиллаж, тэдний 25 хувийг хүүхэд хамгааллын иж бүрэн даатгалд даатгаж дахин эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллалаа.

-Сүүлийн 6 жил байгууллагын бүтэц орон тоо 3 дахин нэмэгдлээ. Энэ бүтцийг шинэчлэн баталснаар мэргэжлийн сэтгэл зүйч, хүүхдийн эрхийн улсын байцаагч бусад мэргэжлийн баг ажиллах эрх зүйн орчин бүрэн хангагдсан.

-Сум, багт хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг шинээр томилон ажиллуулж эхэллээ. 2025 онд бидний нэн тэргүүний зорилго хүүхдийн хөгжлийн олон талт үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллана гэж төлөвлөөд явж байна.

Бид хүүхэд, гэр бүлийг эрсдэлд орсных нь дараа хариу үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй эрсдэлд өртөхгүй, эрсдэлийг бий болгохгүй байхад анхаарч байж үр дүн гарна. Эерэг үр дүнг гаргахын тулд салбар дундын хамтын ажиллагаа, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд анхаарах, эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм. Мэдээж дээр өгүүлсэнчлэн түүхт ойгоо төгөлдөр сайхан тэмдэглэнэ.

Гол нь бидний хийж хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагаа тэгш оролцоог хангах, хүүхэд хүүхдээсээ харилцан суралцах, хамтдаа хөгжих боломжийг хангасан байх ёстой.

 

-Манай уншигчдад хандаж нэмж хэлэх зүйл байна уу?

-Хүүхдийн асуудал хэцүү гэхээс илүү эмзэг асуудал байдаг. Хүүхэдтэй харилцдаг эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчид, иргэд маань үүнийг ойлгож хүүхдэд хүндэтгэлтэй хандаж байхыг уриалж байна. Бид хүүхэд байж үзсэн, харин тэд анх удаа хүүхэд байж үзэж байгаа шүү гэдгийг ойлгоосой. Айл бүрийн хойморт хүүхдийн инээд цалгиж, хүүхэд бүр эрүүл аюулгүй, аз жаргал дүүрэн орчинд халуун ам бүлээрээ элэг бүтэн жаргаж өсөх учиртай.

 

Энэ цаг үед мөр зэрэгцэн нэгэн баг хамт олон болж ажиллаж буй залуустаа мөн баярлалаа, битгий шантраарай. Өнөөдөр эс ч хэзээ нэгэн цагт бидний хийсэн бүтээсэн, зүтгэснийг хэн нэгэн зүрх сэтгэлдээ чимээгүй тээж баярлаж бахархах болно гэдэгт итгэж урам зоригтой хичээгээрэй. Таны асаасан бяцхан дэнлүү тэдний хувьд гэрэлт цамхаг нь байх ёстой.


Холбоотой мэдээ