СҮХБААТАР: Төрийн албан хаагчийн нэгдсэн зөвлөгөөн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг 2025 оныг “Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага, нийгмийн баталгааг дээшлүүлэх жил” болгон зарласан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах сургалт, нэгдсэн завлөгөөнийг зохион байгуулж байна.
Тус аймгийн
хэмжээнд 4000 гаруй
төрийн албан хаагч бий. Аймаг, ААНБ-уудын удирдлага, төрийн албан хаагчдын 400 гаруй төлөөлөл уг зөвлөгөөнд оролцож байна.
Сургалтын
эхэнд оролцогчдод аймгийн Засаг дарга М.Идэрбат 2024-2028 онд хэрэгжүүлэх 10 төсөл, төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлага, нийгмийн баталгааг дээшлүүлэх чиглэлээр барьж ажиллах бодлогоо танилцууллаа.
Ирэх жилүүдэд төрийн албан хаагчид руу чиглэсэн ажлын 70-80 хувь нь орон сууц барихад чиглэнэ. Учир нь шинээр ирж байгаа болон
дутагдалтай боловсон хүчнийг татан авч ирэхэд хамгийн түрүүнд тавьдаг шаардлага нь цэвэр, тохилог амьдрах байр гэдэг. Тиймээс
эхлээд саваа бэлдчхээд дараагийн ажлаа хэрэгжүүлэх ёстой гэдгийг тэрбээр цохон хэллээ.
Сүхбаатар аймгаас Монгол Улсын төрийн үйлчилгээний гавьяат ажилтан гурав тодорсон. Эдгээр гавьяатууд нэгдсэн зөвлөгөөнд урилгаар
оролцож, өөрсдийн ажлын
туршлагаа хуваалцаж байгаа нь онцлог байна.
Монгол Улсын төрийн үйлчилгээний гавьяат ажилтан
Б.Сүхбаатар
хэлэхдээ, Төрийн албан хаагч гэж хэн бэ? Хамгийн энгийнээр тодорхойлбол төрийн албан хаагч ерөнхий болон ажил мэргэжлийн мэдлэг чадвартай, хүнтэй харьцах арга барил, эв дүйг эзэмшсэн, харилцааны соёлтой, ямар ч чадвараас үл хамаараад ажилдаа сэтгэлтэй байх ёстой. Эдгээрийг
өөртөө шингээсэн нэгнийг жинхэнэ төрийн албан хаагч болж байгаа юм байна даа гэж тодорхойлж болно.
Энэ
нь төрийн өмнөөс ажил гүйцэтгэж байгаа хүн бүхэнд хамаатай. Үйлчлэгчээс эхлээд дарга хүртэлх бүх ажилтан, албан хаагчид үүнийг анхаараасай гэж хүсэж байна
хэмээн захилаа.
Төрийн албан хаагчийн ёс зүй, хувь хүний хөгжил, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт сэдвээр сургалт зөвлөгөөн үргэлжилж, төрийн албаны шинэчлэл үе шат зэрэг сургамж сэдвийн хүрээнд албан хаагчид хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.