Монголын жүдочид Астанагийн “Их дуулга”-аас гурван медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Казахстаны Астана хотод жүдо бөхийн “Их дуулга”-ын ээлжит цуврал тэмцээн боллоо.
44 орны орны 350 гаруй жүдоч өрсөлдсөн энэхүү тэмцээнд манай улсаас 22 тамирчин зодоглож, гурван хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ө.Жанцандорж Марокко, Киргиз, Казахстаны бөхийг ялснаас хагас шигшээд шалгарсан ч ОХУ-ын Рамазан Абдулаевт дийлдэв. Ингээд хүрлийн төлөө Болгарын Боян Ётовыг ялснаар “Их дуулга”-аас анхны медалиа зүүлээ.
Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн юм. "Лос-Анжеле-2028" олимпын циклд 63 кг-д зодоглохоор болсон тэрбээр шинэ жиндээ “Их дуулга”-ын анхны, олон улсын тэмцээнээс хоёр дахь медалиа гардаж байна. Үүнээс өмнө тэр ААШТ-ээс мөнгөн медалиар энгэрээ мялаасан билээ. Тэрбээр “Их дуулга”-аас нийт зургаан медальтай болов.
Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа шагналын тавцанд зогслоо. Түүний хувьд Унгар, Италийн тамирчин болон нутаг нэгт Б.Эрдэнэбаярыг ялснаар хагас шигшээд шалгарчээ. Улмаар мөнгөн медалийн төлөө дэлхийн аварга Нилс Штамптай таарсан ч ялагдав. Ингээд хүрлийн төлөө Узбекистаны бөхийг ялснаар төрийнхөө далбааг мандуулах эрхтэй болсон юм.
Монголын жүдочид Астанагаас гурван хүрэл, гурван шагналт байр эзэлснээр 44 орноос 13 дугаарт жагслаа.