Аймгийн Сонгуулийн хороо татан буугдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-03 12:07:54

Увс аймгийн Сонгуулийн хороо татан буугдаж байгаатай холбогдуулан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 7-р сарын 29-ны өдрийн А/78 тоот тогтоолоор аймгийн Сонгуулийн хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагджээ. Тус хороо нь сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг мэргэжил арга зүйгээр хангаж, сонгуулийн төсвийг сумдад хуваарилан хүргүүлж, сонгуулийн дүн мэдээ, санхүүгийн тайланг нэгтгэж, санхүүгийн тухай хууль болон холбогдох журам заавруудыг хэрэгжүүлж, сумын ИТХ-ын 2016 оны сонгуулийг амжилттай зохион байгуулж ажилласан байна.

"Увс аймгийн Сонгуулийн хороо болон 19 сумын Сонгуулийн хороонд 102 хүн, 93 санал авах байранд 465 хүн, нийтдээ 567 хүн энэ удаагийн сонгуульд ажилласан. Аймгийн болон сумдын Сонгуулийн хорооны ажил үүргийн хуваарь, сонгуулийн ажлын төлөвлөгөөг гарган боловсруулж хорооны хурлаар хэлэлцэн, Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан цаглабарыг мөрдөж ажиллалаа. Сумын ИТХ-ын 2016 оны сонгуулийн тойрог мандатын тоог нэгтгэж үзэхэд аймгийн хэмжээнд 93 тойрогт 403 мандатын төлөө 812 хүн өрсөлдсөн бөгөөд тэдгээр нэр дэвшигчдэд үнэмлэх олгосон байгаа. Сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн 812 хүний саналын хуудасны загварыг аймгийн Сонгуулийн хороо гаргаж Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн. Энэ талаар саналын хуудас дээр зөрчил гараагүй. Аймгийн Сонгуулийн хороо энэ хугацаанд 8 удаа хуралдаж, сонгуулийн үйл ажиллагааны төсөв, дотоод ажилтай холбоотойгоор 21 тогтоол, 3 захирамж гаргасан. Энэ хугацаанд 48 албан бичиг аймгийн Сонгуулийн хороонд ирсэн ба тэдгээр бичигтэй Сонгуулийн хорооны гишүүн бүр танилцаж, тухай бүрт нь хариу өгсөн. Мөн энэ асуудлаар аймгийн Сонгуулийн хороо удаа дараа хуралдаж 18 албан тоот гаргаж сумдын Сонгуулийн хороо, холбогдох нэгжүүдэд хүргүүлсэн. Үүнээс гадна аймгийн Сонгуулийн хорооны дэргэд автомат төхөөрөмжөөр санал тоолох үйл ажиллагааг гардан зохион байгуулах чиг үүрэг бүхий мэдээлэл технологийн баг ажилласан. Энэ багийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарлаа хандуулж, зохих нөхцөл боломжоор хангаж ажиллаж ирлээ. Түүнчлэн аймаг, сумын удирдлагууд, Цагдаагийн газар, Онцгой байдлын алба, Тагнуулын газар, Цахилгаан түгээх сүлжээ зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, сонгуулийн явцын болон санал авах өдрийн үйл ажиллагааг хангаж, сонгуулийг амжилттай зохион байгуулсан.

Санал хураалтын дүнгийн нэгтгэл, техникийн тооллого хийсэн тухай тэмдэглэл, санал тоолох төхөөрөмжийн тайлан, саналын хуудас хүлээн авсан мэдээ, саналын хуудасны зарцуулалтын тайлан, сонгогчдын ирцийн мэдээ, санал өгсөн сонгогчдын нас болон хүйсийн судалгаа, хороодын ажлын тайлан, сонгогдсон төлөөлөгчдийн хөрөнгө оруулгын мэдүүлэг зэрэг мэдээллийг нэгтгэн гаргаж Сонгуулийн Ерөнхий Хороо болон аймгийн Архивын газарт хүлээлгэн өгч байна.

Аймгийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 49144 сонгогчдоос 33991 буюу нийт сонгогчдын 69,2 хувь нь саналаа өгсөн.

Аймгийн Сонгуулийн хороо СЕХ-оос хуваарилагдаж ирсэн 327 сая төгрөгөөс 297 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулж, 30 сая төгрөг буюу нийт төсвийн 10 хувийг хэмнэж ажиллалаа. Улсын бүртгэлийн газраас энэ хугацаанд хоёр удаа сонгогчдын нэрсийн жагсаалтыг ирүүлсэн бөгөөд хугацаанд нь сумын Сонгуулийн хороо, санал авах байруудад хүргүүлж, иргэд сонгогчид нэрсийн жагсаалттай танилцах нөхцөл боломжоор хангаж ажиллалаа. Байнгын бус сонгуулийн байгууллагад ажиллах төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг 10 гаруй удаа хийж, 99 төрийн албан хаагчийг хамруулж, гэрчилгээ өгсөн.

Орон нутгийн МВС, САМА, УВС телевиз, “Увсын өнгө” сонинтой гэрээ байгуулан ажиллаж, сонгуулийн хууль тогтоомж, журам заавар, цаг үеийн мэдээллийг олон нийтэд хүргэж сонгуулийн үйл ажиллагааны талаар 10 гаруй ярилцлага өгсөн. Үүнээс гадна Увсын өнгө сайт, МОНЦАМЭ агентлагийн орон нутгийн сурвалжлагч, аймгийн ИТХ-ын вэб сайт, Увс нутаг сайтад мэдээлэл өгч ажиллалаа.

Аймгийн хэмжээнд 28 Санал авах байранд техникийн тооллого хийхэд саналын зөрүү гараагүй. Сумын ИТХ-ын 403 суудлын 282-ыг МАН, 118-ыг АН, гурвыг бие даагч авсан. Сонгогдсон 403 нэр дэвшигчийн 302 нь эрэгтэй, 81 нь эмэгтэй байна. Насны хувьд 5 хүн 25 настай, 166 хүн 26-40 насны, 209 хүн 41-55 насны төлөөлөгч байна. Боловсролын хувьд нийт төлөөлөгчдийн 46,2 хувь нь дээд, 62,4 хувь нь бүрэн болон тусгай дунд боловсролтой. Мэргэжлийн хувьд 5,3 хувь нь эмч, эмнэлгийн ажилтан, 27 хувь нь багш, 42,2 хувь нь нягтлан бодогч, эдийн засагч, 12,2 хувь нь инженер, үлдсэн нь бусад мэргэжлийн хүмүүс байна.

Завхан, Хяргас, Сагил, Тариалан сумын 4 хэсэг дээр МАН-аас нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн учраас хуулийн дагуу 10-р сарын 29-ны өдөр дахин санал хураалт явуулсан. Дахин санал хураалтын ирц 54-ээс дээш хувьтай явагдаж, дөрвөн нэр дэвшигчийг сонгож, 403 мандатыг бүрдүүлсэн. Одоо аймгийн Сонгуулийн хороо дүнгээ нэгтгэж, сүүлчийн хурлаа хийж байна” хэмээн Увс аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Эрдэнэсүрэн мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ