ЗАВХАН: Энэ жилийн номын баяраар үндэсний бичиг соёлоо таниулахыг чухалчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-14 15:33:39

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Завхан аймагт үндэсний бичиг соёл, номын өдрүүд эхэллээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй 37 дахь удаагийн номын баярыг “Илүү их уншья” уриан дор улсын хэмжээнд зохион байгуулж байна.


Жил бүр уламжлал болгож зохион байгуулдаг номын баярын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улиастайд боллоо. Б.Явуухулангийн нэрэмжит Завхан аймгийн Төв номын сангаас үндэсний бичиг соёлоо сурталчлан таниулах. Номын соёлыг дэлгэрүүлэх, ирээдүйн уншигчдыг номд дуртай болгон төлөвшүүлэх, зохиолч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг үнэлэх. Ном уншлагыг дэмжих, хэвлэлийн компани, номын сан, ном сонирхогчдын клуб, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, номын үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагааг эхлүүлж байна.


Номын баярын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа болон холбогдох салбарын удирдлагууд, багш нар, уншигчид 170 гаруй хүн оролцлоо.


Номын баярын хүрээнд нийтийг хамарсан үзэсгэлэн, уралдаан, өдөрлөг, уулзалт зэрэг үндэсний бичиг соёлоо сурталчилсан, ном унших идэвх санаачилгыг өрнүүлсэн ажлыг зохион байгуулах юм.  


Монгол Улсын Консерваторын харьяа ХБК-ийн зургийн ангийн сурагчдын “Уран зураг ба алдартнууд” үзэсгэлэн, “Боролдой” номын дэлгүүрийн хямдралтай худалдааг зохион байгуулж байна. Мөн “Русский Дом” буюу “Оросын өргөө” нэртэй кабинетаас орос номын үзэсгэлэнг гаргасан байна.


Энэ жилийн номын баяр нь үндэсний монгол бичгийг сурталчлан таниулах чиглэлээр олон талын үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тухайлбал үндэсний монгол бичгээр бичиж, урласан хүүхдүүд, уран бүтээлчдийн “Вансэмбэрүү” уран бичлэгийн үзэсгэлэн, “Овог нэрээ үндэсний бичгээрээ бичиж сурцгаая” нэртэй монгол бичгийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Аймгийн төв номын сангийн фондод буй шинэ ном, хамгийн их уншсан ном нэртэй үзэсгэлэн болж байна. Номын баярын нээлтийн үеэр тэргүүний уншигч Д.Нацагдорж, Б.Явуухулан тэмдэгтэн, “Үндэсний бичиг соёлын түгээн дэлгэрүүлэгч” тэмдэг, төрийн алба хаагчдын дунд зарласан “Монгол бичгээр хэн сайн уншиж, хөрвүүлэх вэ?” уралдааны шагналуудыг тус тус гардуулан өглөө гэж Завхан аймгийн Төв номын сангаас мэдээлэв.  


Ташрамд дэлхийн 100 гаруй оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг нь хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэдэг уламжлалтай. Зарим улс орон үндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг байна. Энэ өдөр хүмүүс бие биедээ ном бэлэглэх, ном уншиж өгөх, зохиолч, нийтлэгчид номоо борлуулж, түгээх, шилдэг ном шалгаруулах, номыг сурталчлах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.


Манай улс үндэсний номын баярыг 2007 оноос “Номын ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Сувдын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн. Одоо “Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүрийн 5,9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд тогтмол зохион байгуулж буй юм.

Боролдой номын дэлгүүрээс 8 дахь жилдээ хямдралтай худалдааг зохион байгуулж байна


Номын баярт бүх насныхан оролцож байна

Холбоотой мэдээ