ААШТ-ийг Б.Мөнгөнзул тэргүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-15 10:37:39

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Аль-Айн хотод насанд хүрэгчдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өрөг өнөөдөр болно.



Монгол Улсаас энэ удаагийн тэмцээнд эрэгтэй тав, эмэгтэй 12 тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний эхний 10 байрт шалгарсан эрэгтэй, алт, мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шатарчид дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авна. Эрэгтэйчүүдийг найман өргийн дараа Ираны их мастер Бэрдияа Дэнишвар ганцаараа 7.0 оноотой тэргүүлж байгаа бол араас нь 6.0 оноотой дөрвөн шатарчин нэхэж байна. Харин манай улсаас олон улсын мастер Г.Амартүвшин 5.0 оноогоор шилдэг 30-д багтав. Тэр өнөөдөр сүүлийн өргөө Энэтхэгийн их мастер Сэтурамантай хийх бөгөөд зайлшгүй хожих даалгавартай.


Тэгвэл эмэгтэйчүүдийг ФИДЕ-гийн дэд мастер Б.Мөнгөнзул 7.0 оноогоор ганцаараа тэргүүлж эхэллээ. Тэрбээр өчигдөр өмнөө бичигдэж байсан ганц шатарчин болох Энэтхэгийн Сэшидраг хожсоноор сүүлчийн өргийн өмнө тэмцээнийг ганцаараа тэргүүлэх болов. Өнөөдөр Б.Мөнгөнзул Энэтхэгийн шатарчин, олон улсын мастер Агравал Вантикатай хараар наадахаар оноолт таарчээ. Энэ өрөгт тэнцэх, эсвэл хожсон тохиолдолд манай шатарчин Азийн аваргад түрүүлж, дэлхийн цомын эрхээ давхар халааслах юм.


Харин их мастер Б.Мөнгөнтуул өчигдөр Ираны Мэлика Мохаммадиг хожсоноор 5.5 оноотой 10 дугаар байр руу дэвшив. Түүний өнөөдрийн өрсөлдөгч нь Казахстаны шатарчин, их мастер Балабаева Ксениа байх ажээ.









Холбоотой мэдээ