ЕТГ номын баярт "Үндэсний бахархалт амьтан мазаалай" сэдвээр оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-15 11:40:19

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 16-18-нд болох Номын баярт “Үндэсний бахархалт амьтан мазаалай” сэдвээр оролцоно.


Дэлхий нийт, тэр дундаа манай улсад сөргөөр нөлөөлж байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтлын улмаас устах аюулд орсон амьтдын нэг бол Алтайн өвөр говьд амьдардаг мазаалай баавгай юм. Тавь гаруйхан тоо толгой үлдээд байгаа уг амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх ажлыг эрчимжүүлэх, олон нийтийн анхааралд оруулах зорилгыг Ерөнхийлөгч Тамгын газраас чухалчилж буй.


Мөн үеэр Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр болон байгаль орчны чиглэлээр хэрэгжиж буй төслийн үр дүнгийн талаар нийтэд мэдээлэл өгөх юм.


Номын баярыг “Номын соёлт ертөнц” ТББ санаачлан Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт тэмдэглэдэг. Номын баяр нь ард иргэд, хүүхэд залууст ном унших соёл дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлагыг бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилготой.


Холбоотой мэдээ