БУЛГАН: Гурван үеийн уулзалтад 87 настай пионер оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн гурван үеийн уулзалтыг Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хамт олон зохион байгууллаа.
Булган аймгийн пионерын байгууллага 1925 онд байгуулагдаж Булган хан уулын хошууны тамгын бага сургууль буюу танхимын сурагчид пионерын гишүүнд элсэн орж байжээ.
Улмаар 1925 онд Пионерийн байгууллага,1958 онд аймгийн Пионерын зөвлөл, 1975 онд Пионерын найрамдал ордон, 1990 онд Хүүхдийн байгууллагын зөвлөл, 1991 онд Хүүхдийн төлөө төв, 2009 онд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, 2016 онд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 2023 онд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон үйл ажиллагаагаа явуулж байна.
Гурван үеийн уулзалтад Булган аймгийн анхны Пионерын ахлах удирдагч 87 настай Ш.Дашбалжир багш тэргүүтэй үе үеийн пионерын байгууллагын ажилтан сурган хүмүүжүүлэгчид Пионерын ахлах удирдагч /ПАУ/ 150 гаруй зочид төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна.
Булган аймаг ПАУ нарынхаа судалгааг гаргаж байгаа бөгөөд хамгийн өндөр настай нь Маналжав /90 настай/, хамгийн залуу нь Булган сумын Тамгын газрын байгаль орчны байцаагч н.Батсайхан нар орон нутагтаа ажиллаж амьдарч байна.
Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын хамт олон аймгийн Соёл амралтын хүрээлэнд "Хүүхэд-100" ногоон төглийг байгуулж, 500 орчим мод ургуулахаас гурван үеийн уулзалтын үеэр 100 орчим модыг үе үеийн пионерийн ахлах удирдагч нар хамтран тарьсан байна.