Залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд Энхтайвны корпустай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-03 17:21:04

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллертай уулзаж, цаашид эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр дэд тэргүүн Мануэл Микаллер Монгол Улсын Засгийн газрын хоорондын компакт гэрээний дагуу Мянганы сорилтын сангийн хөтөлбөр 2013 онд амжилттай хэрэгжиж дууссан. Уг хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт нийт 42 сая ам.долларын санхүүжилт бүхий халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт  илрүүлэх, оношлох, үр дүнтэй өртөг багатай эмчилгээгээр хангах зорилго бүхий төсөл хэрэгжүүлсэн. Мөн хүн амын дунд халдварт бус өвчний тархалт, нас баралтыг бууруулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажилласан талаар мэдээлэл өгөв.

Өнөөдрийн байдлаар АНУ-ын хэд хэдэн төрийн бус байгууллага эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах, хамтарсан мэс засал хийх, эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Цаашид талууд хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр Энхтайваны корпустай хамтран ажиллах, хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэх асуудлаар ярилцлаа. Мөн агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийг судлах,  халдварт өвчний тандалт, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгаа хийх, лабораторийн чадавхийг сайжруулах талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дэд сайд Л.Бямбасүрэн уламжиллаа гэж ЭМЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ