ОРХОН: “Цахим дэлгүүр”-ийн системээр худалдан авах ажиллагааг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн Худалдан авах ажиллагааны газраас сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт төрийн худалдан авах ажиллагааны цахим систем, хууль эрх зүйн орчны талаар сургалт зохион байгуулав.
2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд шинээр тусгагдсан "Цахим дэлгүүр" системийн ашиглалт, тулгамдаж буй бэрхшээл болон цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл зөвлөгөө өглөө.
Ерөнхий гэрээний дагуу “Цахим дэлгүүр”-ийн системээр Худалдан авах ажиллагааг зохион байгуулснаар төрийн байгууллагуудын давхардуулан хийдэг тендер шалгаруулалт цөөрөх, цаг хугацаа хэмнэх, урсгал зардлаар хийж буй худалдан авах ажиллагааны ил тод байдал нэмэгдэх зэрэг олон давуу талтай юм.
Мөн саяхан Орхон аймаг зорилтот бүлгийн 60 иргэнд гэр олгохдоо "Цахим дэлгүүр"-ээс худалдан авалт хийсэн бөгөөд сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад хэрвээ тухайн байгууллагад худалдан авах бараа бүтээгдэхүүн тус цахим бүртгэлд байршаагүй бол аймгийн худалдан авах ажиллагааны газартаа хүсэлтээ уламжлахыг зөвлөлөө. "Цахим дэлгүүр" ашиглан худалдан авалт хийхэд зарим төрлийн бараа бүтээгдэхүүн мэдээллийн санд ороогүй байршаагүй байгаа нь зарим үед хүндрэл үүсгэж буйг сургалтад оролцогчид онцоллоо.