Чех улсад айлчилсан зардлыг ИТХ- ын төлөөлөгчид буцаан төлөхөөр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:46:21

Жил шахмын өмнө аймгийн ИТХ- ын дарга, аймгийн Засаг дарга тэргүүтэй ИТХ- ын 12 төлөөлөгч Чех улсад айлчлахдаа зарцуулсан зардлыг орон нутгийн төсөвт буцаан төвлөрүүлэхээр болсон байна.

Чех улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах холбоо харилцаа тогтоохоор өнгөрсөн оны зургадугаар сард  тус улсад суугаа элчин сайд Г. Зүмбэрэллхамтай аймгийн ИТХ- ын дарга С. Буджав санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ дагуу аймгийн гадаад харилцааг өргөжүүлнэ хэмээн 2013 оны төсвийн хэмнэлт болон давсан орлогоос 50 сая төгрөгийг Чех улсад туршлага судлах аялалын зардал болгож өнгөрсөн оны долдугаар сард ИТХ- аар батлан, 11 дүгээр сард ИТХ- ын 12 төлөөлөгч тус улсыг зорьсон юм. Энэ бол аялал биш ажил хэргийн айлчлал болсон, орон нутгийн хөгжилд хувь нэмэр болохуйц ажлыг эхлүүлсэн гэж төлөөлөгчид үзэж байсан. Харин энэ ажлыг дээрхи эх үүсвэрээр санхүүжүүлсэн нь холбогдох хууль тогтоомж, тухайлбал, Төсвийн тухай хууль, Сангийн сайдын тушаалаар баталсан Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам, Монгол Улсын Засгийн газрын “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолыг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэн аймгийн Аудитын газар өнгөрсөн оны 12 дугаар сард акт тогтоосон байдаг.

Түүнээс хойш багагүй цаг хугацаа өнгөрсний эцэст энэ сарын 6- ны өдөр аймгийн Засаг дарга С. Од- Эрдэнэ ИТХ- ын дарга С. Буджавт мэдэгдэл хүргүүлсэн байна.Үүнд дурьдахдаа,  Аудитын газрын актаар 50 сая төгрөгийг холбогдох албан тушаалтнаар нөхөн төлүүлэхийг Засаг дарга, Ерөнхий санхүүч нарт хариуцуулан тогтоосны дагуу энэ сарын 15- ны дотор нэр бүхий 12 төлөөлөгч Төрийн сан банкин дахь дансанд 50 сая төгрөгийг  буцаан байршуулж, мөнгө төлсөн баримтыг  ирүүлэхийг мэдэгджээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ