Bloomberg: Путин Ватиканд очихгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА, 2025 оны тавдугаар сарын 23 /Bloomberg/. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ойрын үед Ватиканд эсвэл өөр газарт болох Украины асуудлаарх энхийн хэлэлцээнд оролцохгүй гэж “Bloomberg” агентлаг Оросын албан тушаалтнуудын ярьсныг эш татан мэдээлжээ.
Оросын эрх баригчид тавдугаар сарын 16-нд Истанбул хотод эхэлсэн техникийн түвшний хэлэлцээрт анхаарлаа төвлөрүүлж байгаа ажээ.
Путин "аюулгүй байдлын үүднээс", мөн Оросын тал Ватиканыг мөргөлдөөнд төвийг сахисан тал гэж үздэггүй тул НАТО-гийн гишүүн улс болох Италид очихгүй гэж улс төр судлаач Сергей Марков хэллээ. Түүнчлэн хэлэлцээний үйл явцад Ватиканыг татан оролцуулах нь Оросын үнэн алдартны шашны сүмүүдэд үл итгэлцэл төрүүлнэ. Учир нь Оросын үнэн алдартны шашинтнууд Ватиканыг Украины асуудал дээр “өрсөлдөгч” гэж үздгээс гадна, Оросын тэргүүн хамбын харьяа үнэн алдартны шашинтнуудын сүмүүдийг Украины эрх баригчид хааж байгааг Ватикан огт шүүмжлээгүй хэмээн дургүйцдэг.
Кремлийн ойрын гурван эх сурвалж Bloomberg агентлагт мэдээлснээр, Москва цаашид байгуулах энхийн тухай санамж бичгийн нөхцөлийг хэлэлцэх талбарын хувьд Турк улсыг илүүд үзэж байгаа аж. Европын нэгэн өндөр албан тушаалтны ярьснаар, Оросын тал Турк улс болон 2022 оны хэлэлцээнд оролцогчдыг сонгосон нь тус улс “хэлэлцээний эхлэл рүү эргэн буцах” зорилготой байж болохыг илтгэж байна гэжээ.
Тус агентлагийн эх сурвалжууд мөн АНУ одоогоор Украины талтай харилцаа холбоотой ажиллаж, хэлэлцээний үйл явцыг дэмжиж байгааг дурджээ. АНУ-ын тал мөн энэ сарын 16-нд Истанбулд болон 2022 оны хэлэлцээнд Оросын төлөөлөгчдийг тэргүүлж оролцсон Оросын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский шиг “хатуу байр суурьтай” хүмүүсийг оролцуулахыг хүсэхгүй байгаагаа Оросын талд битүүлэг тойруу замаар илэрхийлж байна гэжээ.
Ватиканд уулзалт хийх санаачилгыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дэвшүүлснийг шинэ Пап XIV Лео дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Гал зогсоох тухай хэлэлцээг Ватиканд ирэх долоо хоногт хийж магадгүй гэж Финландын Ерөнхийлөгч Александр Стубб тавдугаар сарын 21-нд мэдэгдсэн байна.
Үүнтэй холбогдуулан Итали улс Оросын төлөөлөгчдийг хэлэлцээнд оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд бэлэн гэдгээ Москвад мэдэгдсэн боловч энэ нь Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийн дагуу баривчлах ёстой Путинд үйлчлэх эсэх нь тодорхойгүй байна. Итали бол Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг баталсан улс юм.