Бруно де Никола: Монголын түүхийг судлахад эмэгтэйчүүд, хатдын түүхийг орхигдуулж огт болохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-28 20:12:15

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Чингис хаан” үндэсний музей Чингис хаан Судлалын олон улсын холбоотой хамтран олон нийтэд зориулсан  цуврал лекц өнөөдөр зохион байгууллаа.


Австри Улсын ШУА-ийн Иран судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Бруно де Никола “Монголын эзэнт гүрний үеийн улс төр, эдийн засаг, шашин, соёлд тал нутгийн эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоо” сэдвээр илтгэл тавилаа.


Тэрбээр илтгэлдээ, "Монголын Эзэнт гүрний үеийн монгол эмэгтэйчүүд тухайн үедээ маш хүчтэй, улс төрийн хувьд зөвлөгч, засаг захиргааны удирдлагад төр барихад нөлөөтэй, үүрэг оролцоо нь өндөр байсан. Тэд гэр орны ажлаас гадна мал ахуйгаа харах зэргээр маш олон ажлыг амжуулдаг байв. Монголын өвөг дээдсийн овог аймгийн эхлэл эмэгтэй хүнээс эхлэлтэй. Тухайлбал, Алунгоо эхийн домгоос харж болно. Энэ нь Чингис хааны удам угсааны эхлэл юм. Үүнийг түүхэн үйл явц гэрчилдэг, энэ талаар түүхчид сурвалж бичигт үлдээсэн байдаг. Монголын түүхийг судлахад эмэгтэйчүүд, хатдын түүхийг орхигдуулж огт болохгүй" гэдгийг онцлов.


Бруно де Никола Иран дахь монголчуудын түүх, монгол хатдын түүх тэр тусмаа Монголын эзэнт гүрний үеийн Исламын гар бичмэлийг зонхилон судалдаг юмТэрбээр 2020 оноос хойш "Нүүдэлчдийн бичгийн сурвалж тархсан газар нутаг" төслийн ерөнхий удирдагчаар ажиллаж байгаа бөгөөд "Монгол Иран дахь хатдын түүх” номыг хэвлүүлжээ.

 

 

Холбоотой мэдээ