“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” зөвлөгөөн үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-28 15:27:37

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлөөс улсын хэмжээнд зургаан бүсэд зохион байгуулсан “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” зөвлөгөөн нийслэлд үргэлжилж байна.


Энэ үеэр төрийн албанд, хууль хэрэгжүүлэх явцад, мөн хувь хүнд тулгамдаад буй асуудлыг хэлэлцэн, төрийн байгууллагуудын заавал шийдэх асуудлуудыг танилцуулж байна. Төрийн албан хаагчдын сэтгэгдлийг нэг бүрчлэн сонсож амжихгүй тул ямар бэрхшээл тулгарч байгаа, яаж сайжруулж, үр дүнтэй болгох тухай саналыг нь цахимаар болон бичгээр авч байна. Хоёр өдөр үргэлжлэх нийслэлийн бүсийн зөвлөгөөнд 1200 албан хаагч оролцож байна.


Зөвлөгөөн зохион байгуулсан зургаан бүсийн 100 мянга гаруй албан хаагчийн саналыг үндэслээд, тэдгээр албан хаагчдад тулгамдаад буй асуудлыг Засгийн газар 12 зүйл заалтаар тэмдэглэн, шийдвэр гаргажээ.


Зөвлөгөөнд УИХ, Засгийн газрын төлөөллийг оролцуулж байгаа нь Төрийн албаны тухай хуулийг удахгүй шинэчлэхэд юуг сайжруулж үр дүнтэй болгоход анхаарсан хэрэг. Хуулийн төслийг анхнаас нь зөв хийж, сайн суурь тавихыг зорьж байгааг ТАЗ-ийн дарга Л.Цэдэвсүрэн онцоллоо. Тэрбээр, “Төрийн албан хаагчид улсынхаа хөгжлийг түүчээлэн, бодлогыг тодорхойлон хэрэгжүүлж, гүйцэтгэх түвшинд ажиллаж байна. Харин нөгөө талд нь хувийн хэвшлийнхэн бий. Төрийн албан хаагч бүхэн тухайн хариуцсан ажилдаа манлайлагч юм. Төрийг төлөөлөн иргэнд үйлчилж буй албан хаагчийг иргэд хувь хүн бус төр гэж хардаг. Иймд төрийн албан хаагчийн манлайллыг сайжруулах нь чухлыг тодотгов.


Монгол Улсад одоогоор төрийн 226 мянга гаруй албан хаагч ажиллаж байна. 

Холбоотой мэдээ