ЗАВХАН: Манай эриний өмнөх III зууны үеийн хот суурины балгасууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-28 16:11:48

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нутагт эртний хотын туурь балгас олон бий. Эдгээрээс олон нийтэд танигдаагүй ч судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд дурдагджээ.  


Ахмад археологич Х.Пэрлээ 1961 онд “Монгол ард улсын эрт, дундад үеийн хот суурины товчоон” хэмээх бүтээлдээ манай эриний өмнөх III-аас манай эриний VII зууны эцэс хүртэлх үеийн хот, суурины туурь, балгасыг хамруулан судалжээ.


Энэ зохиолын төгсгөлд “тус зохиолд оролцоогүй манжийн ба он цаг нь мэдэгдээгүй хот суурин, тариалангийн суурин” гэсэн жагсаалтад 210 дурсгалын нэр бичсэнээс Завхан аймгийн нутагт орших дурсгалуудыг нэрлэлээ.


Гурван Хар үзүүрийн хавийн гол дээрх хуучин суурины орууд нь Завханмандал сум, аймгийн төвөөс 18 км-т бий. Мөн 3аргатын (Зараатын) бууцны өмнөх барилгын ор мөн Завханмандал сумын Буурал уулаас зүүнтэй бий. Цагаан тохойн их хотын ор Байшин булангийн балгас Шилүүстэй сумын нутагт бий. Дөрвөлжин сумын нутагт Завхан гол орчимд 1715 оноос манж цэргийн тариа тарьж байсан газар суурины туурь бий. Улиастай суманд Борхын хэрэм гэсэн 7 дурсгал бий хэмээн нэр оруулсан байдаг.


1978 онд судлаач О.Намнандорж Завхан аймгийн Тэс сумын нутаг Тэсийн голын нэгэн арал дахь Гандантэгчилэн хийдийн балгасны ойр орчимд хэдийд барьсан нь тогтоогдоогүй эртний эвдэрхий балгасны туурь нэлээд буй хэмээн тэмдэглэсэн байдаг. Үүнийг хожим доктор А.Очир нарын судлаачид шинжлээд хотгойдын дээдсийн үүсгэн байгуулсан суурин байж болно хэмээн үзжээ.


Өдгөө дээрх туурь балгасуудаас улс, аймгийн хамгаалалтад Улиастай сумын төвд орших Сангийн хэрмийн туурь, Завхан аймгийн Их-Уул сумын нутагт орших Цэцүүхийн дурсгал, /он цаг VI-VII зуун. Алаг байван хааны хотын туурь хэмээн бичигдэн үлдсэн/ дурсгал, Яруугийн хүрээний шавар хэрэм, тууриуд байна. Яруугийн хүрээний туурь нь Завхан аймгийн Алдархаан сумын нутагт орших сумын төвөөсөө зүүн тийш 5 орчим км-т Алдар толгойн ойролцоо бий.

Яруугийн хүрээний туурь


Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт XIV-XVII зууны барилга, архитектурын ховор дурсгал, цэрэг, шашны зориулалттай ашиглаж байсан ул мөртэй туурь бий.


Холбоотой мэдээ