АРХАНГАЙ: Хүүхэд хамгаалагчид 6000 гаруй өрхөөр зочилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-29 12:58:45

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. НҮБ-ын хүүхдийн сангийн санхүүжилтээр 2025 оны 3 дугаар сарын 17-ноос эхлэн Эрдэнэбулган сумын зургаан багт хүүхэд хамгаалагч сайн дурын ажилтан ажиллаж байна.


Хоёр сарын хугацаанд хүүхэд хамгаалагч нар өөрсдийн давуу тал, мэргэжлийн онцлогтоо тулгуурлан эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүд болон өрхүүдэд чиглэсэн сургалт нөлөөллийн ажлыг баг тус бүрд зохион байгуулжээ.


Тэд Эрдэнэбулган сумын зургаан багийн 6000 гаруй өрхөөр явж, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнуудтай хамтран эрсдэлийн үнэлгээ хийсэн байна. Нийт 43 зөрчилтэй объект илрүүлэн, 16-г нь холбогдох газарт нь хүргэн шийдвэрлүүлжээ.


Мөн эрүүл амьдрах, байгалиа хамгаалах сургалт, аяллыг зохион байгуулан гол горхины хогийг цэвэрлэсэн ба амны хөндийн эрүүл ахуй, шүдээ зөв арчлах сургалт мэдээллийг 12 хүүхдэд өгчээ.


Цагийг үр дүнтэй бүтээлч байх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх үүднээс “Үлгэрч гэр бүл” үлгэрийн ном бүтээх бүтээлч ажлыг, бага насны хүүхдийн эрүүл, шим тэжээллэг хоол хүнс бэлтгэж өгөх сургалтыг бага насны хүүхэдтэй ээжүүдийн гэрт нь очиж, хамтран баяжуулсан хоол хийх арга зааж өгсөн байна.


Сурлагын хоцрогдол тэр дундаа үндэсний бичгийн арга зүйн сургалтыг 4 хүүхдэд, бага ангийн хүүхдийн хоцрогдол арилгах сургалтыг 6 хүүхдийг хамруулан өдөр өнжүүлэх төвд үнэ төлбөргүй сургаж байна.


Үе тэнгийнхний дээрэлхэлтийг таслан зогсоох, найз байх, анги хамт олны халуун дулаан уур амьсгалын нэмэгдүүлэх үүднээс А.Х.А тэмцээнийг 30 хүүхдийн дунд зохион байгуулсан зэрэг олон ажлыг хийж дуусгажээ. 

Холбоотой мэдээ