FIDDLELAND ансамбль анхны тоглолтоо толилууллаа‬‬

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
m.sambuunyam@montsame.gov.mn
2025-06-06 18:28:02

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Үндэсний сонгодог морин хуурыг цөөхүүл хөгжмийн бүрэлдэхүүнд зориулсан бүтээлүүдээр дамжуулан хөгжүүлэн төгөлдөржүүлэх, урын санг нь баяжуулах зорилго тавьсан FIDDLELAND хэмээх шинэхэн ансамбль анхныхаа тоглолтыг энэ сарын 4,5-нд Улсын Филармонийн концертын танхимд толилууллаа.


Тус ансамбль Дэлхийн морин хуурын холбооны тэргүүн, Монгол Улсын морин хуурын чуулгын удирдаач, гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж, тус чуулгын морин хуурч МУГЖ Р.Амарбаяр, Польшийн суут хөгжмийн зохиолч Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын гуравдугаар уралдааны тэргүүн байрын шагналт Ж.Ариунзаяа зэрэг үе үеийн гарамгай хуурчид, шилдэг залуу хөгжимчид болон хөгжмийн зохиолч Э.Ангир нарын бүрэлдэхүүнтэй ажээ.


Цөөхүүл хөгжмийн төрөл нь хөгжимчин нэг бүрээс эн тэнцүү өндөр ур чадвар шаарддаг учраас зуун зуунаар хөгжин эдүгээд ирэхдээ хөгжмийн урлагийг төгс хэлбэрээ олоход нэн чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн үздэг юм. 


FIDDLELAND ансамбль урын сангаа монголын болон олон улсын хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүд, үндэсний уламжлалт, сонгодог, орчин цагийн дууны уран бүтээл, гоцлол бүтээлүүдээр бүрдүүлжээ.


Тус тоглолтдоо Прокофьев, Маскани, Фибих, Биксио, Жон Уильямс, Пьяццолла, С.Гончигсумлаа, Н.Жанцанноров, Б.Шарав, Ш.Өлзийбаяр, Э.Ангир, Т.Бат-Оргил зэрэг дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг сорчлон шинэ найруулгатайгаар үзэгчдийн сонорыг мялаасан юм. Мөн 3 өөр жанрын төлөөлөл болсон уран бүтээлчид уран бүтээлээ толилуулсан нь тоглолтыг улам сонирхолтой болголоо. Тухайлбал, уртын дуучин МУГЖ Б.Мөнхбаатар, дуучин, ая зохиогч Т.Бат-Оргил, дуурийн дуучин А.Отгонболд нар тус тоглолтод оролцсон юм.



FIDDLELAND ансамблийн үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач Н.Жигжиддорж:


“Манай улсад цөөхүүл хөгжим хангалттай хөгжөөгүй, дутагдалтай байгаа хөгжмийн найрал юм. Ялангуяа морин хуурт зориулсан мэргэжлийн цөөхүүл буюу 10-аас доош хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг бараг байсангүй. Манай "FIDDLELAND" ансамбль нь нумт хөгжмөөр дагнасан 10 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнд, 6 морин хуурч, 2 дунд хуурч, 1 их хуурч, 1 төгөлдөр хуурч байна. Морин хуурын мэргэжлийн цөөхүүл хөгжмийн "Морин хуурын дөрвөл" байгаа бол, "FIDDLELAND"-ыг цөөхүүл хөгжмийн дэлхийн мэргэжлийн хоёр дахь бүрэлдэхүүн гэж хэлж болно.


Анхныхаа тоглолтын хөтөлбөрт бид олон төрлийн хөгжим багтаахыг хичээсэн. Тухайлбал, хөгжмийн зохиолч Т.Өлзийбаярын морин хуурын найрал хөгжимд зориулсан бүтээлийг манай ансамбль хөрвүүлэн тоглосон. 


Морин хуур бол одоо ч хөгжиж буй хөгжмийн зэмсэг. Бидний зорилго бол морин хуурыг цаашид мэргэжлийн академик чиглэлээр нь хөгжүүлэх явдал юм. Ингэснээр энэхүү гайхалтай зэмсгийн урын санг улам бүр дэлгэрүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.”






Холбоотой мэдээ