Тунляо хотын үхрийн хатаасан борц хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Тунляо, 2025 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Тунляо хотын мах боловсруулах "Ах дүү" нэртэй компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тунляо хот хятадын хүнсний үйлдвэрлэлд экологийн цэвэр, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд борлуулдгаараа алдартай аж.
Энэ бүс нутагт махны чиглэлийн 3 сая гаруй үхрийг өсгөн үржүүлж зах эээлд бэлтгэн борлуулж байна.
Мөн бусад аймаг хотуудаас фермерүүд Тунляо хотыг зорин ирж махны чиглэлийн үхрийг худалдан авдаг байна.
Тус компани 2016 онд анх байгуулагдахдаа үхэр, хонины мах бэлтгэн борлуулж байсан бол удалгүй буга, гахай, тахиа, загасны мах бэлтгэж сүлжээ худалдааны дэлгүүр болон онлайн худалдааны зах зээлд худалддаг болжээ.
Тунляо хотоос Бээжин хот хүрэх хурдны замын зорчигчдын хүнсний бүтээгдэхүүний гол хэрэгцээг тус компанийн махан бүтээгдэхүүн эзэлдэг байна.
Тэр тусмаа үхрийн хатаасан борц хэрэглэгчдийн таашаалд нийцэж брэнд бүтээгдэхүүнээр шалгарчээ.
Тус компанийн үхрийн махан бүтээгдэхүүн "Тик ток" онлайн худалдааны платформ дээр борлуулалтаараа хоёрдугаарт жагсдаг байна.