ӨМНӨГОВЬ: Олон улсын зураачид говийн байгалийн үзэсгэлэнг бүтээлдээ буулгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-18 09:14:54

Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өмнийн говийн үзэсгэлэнт газруудаар "Тоонот арт" төслийн хүрээнд олон улсын зураач, уран бүтээлчид аялангаа уран бүтээлээ туурвиж байна.

 

Тодруулбал, Монгол, ӨМӨЗО, БНСУ, ОХУ-ын Буриад, Тува, Якутын нийт 20 гаруй зураач, уран бүтээлчид 2025 оны зургаадугаар сарын 11-20-ны өдрүүдэд ажиллаж байгаа юм.

 

Монголын өмнөд говь бол үзэсгэлэнт уул, хад, хавцал, ус, ургамал, мод, элсэн манхан, хараа цуцаам тал хээр гээд байгалийн бүхий л өнгө төрхийг хослуулсан, нарны тусгалыг дагаж зүс нь солигддог гайхамшигт оршихуй байдгийг уран бүтээлчид онцолж байна. Тиймээс тэд говийн олон өнгөтэй хэмээн ярьдаг.

 

"Тоонот арт" төслийг Монголын урчуудын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, зураач А.Сонинбаяр санаачлан ерөнхий зохион байгуулагчаар МУЭ, ерөнхий ивээн тэтгэгчээр "Ажнай" корпораци ажиллаж, говийн байгалийн үзэсгэлэнг шингээсэн 100 гаруй уран зураачийн бүтээлээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.

 

Тухайн төсөл уран зургаар дамжуулан монголын говийн байгалийн үзэсгэлэнг сурталчлах, газар зүйн онцлог өвөрмөц зүй тогтлыг судлан таних зэрэг олон талын зорилго, ач холбогдолтой юм. 



















Холбоотой мэдээ