Японд бензиний үнийг барихын тулд татаас олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-21 11:10:09

ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 21 /NHK/. Израил, Ираны дайны улмаас түүхий нефтийн нийлүүлэлтэд саатал гарах аваас үнийн хөөрөгдлөөс сэргийлэхийн тулд түлш шатахууны бөөний худалдаа эрхлэгчдэд татаас олгоно гэж Японы засгийн газар мэдэгдлээ.


Тодруулбал, түүхий газрын тосны үнэ өссөн тохиолдолд ердийн бензиний жижиглэнгийн үнийг литр тутамд 175 иен буюу 1,2 ам.доллароос хэтрүүлэхгүйн тулд татаас олгох ажээ.   


Мөн дизель түлшний үнийг тогтоон барихын тулд бензинийхтэй адил татаас олгох бол керосин ба мазутын татаас нь бензиний татаасны 50 хувь, онгоцны түлшинд олгох татаас 40 хувь байх юм.


Японы Аж үйлдвэрийн сайд Мүто Ёжи мэдэгдэхдээ, татаасын хөтөлбөр энэ сарын 26-наас хэрэгжиж эхлэх бөгөөд хоёр сарын турш үргэлжилж, улсын төсвөөс санхүүжүүлэх ажээ. Энэ бол бөөний худалдаа эрхлэгчдэд одоо олгож буй татаас дээр нэмж олгох татаас юм. Тодруулбал, бензиний үнийн өсөлтийг зогсоохын тулд өнгөрсөн сард татаас олгож эхэлсэн бөгөөд татаасын хэмжээ аажмаар нэмэгдсээр одоо литр тутамд 10 иен болж нэмэгджээ.


Гэхдээ энэ арга хэмжээ нь түр зуурынх бөгөөд голдуу долоодугаар ба наймдугаар саруудад бензиний өсдөг үеэр ард иргэдийн өдөр тутмын амьжиргааг дэмжих зорилготой юм.


Сайд М.Ёжи хэлэхдээ “олборлодог түлшнээс татгалзах үйл явц өрнөж буй энэ үед бензин шатахуунд татаас олгох хөтөлбөр удаан үргэлжлэх боломжгүй” гэлээ. 

Холбоотой мэдээ