Өвөлд бэлдэж инженерийн хангамжийн 750 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өвөлд бэлдэж, инженерийн хангамжийн 750 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хэлэлцлээ.
Хотын
төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 2418 Гкал/ц
боловч сүлжээнд холбосон ачаалал 3558,1 Гкал/ц буюу 31.8 хувиар хэтрээд байгаа. Одоогоор дулаан
хангамжийн 13.5 км гол шугамын шинэчлэл, засвар, 32 байршилд угсралтын ажил 37.5 хувийн гүйцэтгэлтэй.
Их засвар, техник зохион байгуулалтын тухайд 31 төрлийн 88 багц ажлыг 10 дугаар сарын 20-ны дотор хийхээс ажлын гүйцэтгэл 20.6 хувьтай байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын
албаны дарга Г.Батзориг нийслэлийн оршин
суугчдыг ундны цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулахад 27 төсөл, үйл ажиллагаа төлөвлөснөөс биелэлт 28
хувьтай байгааг танилцуулав.
Нийслэлийн боловсролын салбарт барилга байгууламжийн 139
төсөл хэрэгжиж байна. Энэ оны
эхний хагас жилд дөрвөн сургууль, таван цэцэрлэг, гурван бага сургууль,
цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад оруулжээ.
Нийслэлд 51 байршилд 100.2 км авто замын засвар, шинэчлэлийн
ажлын явц 52 хувьтай байна. Зургаан
дүүрэгт 42 ширхэг лифтийг
шинэчлэн сольж байна. Нийслэлийн
төсвийн хөрөнгөөр энэ онд хог
тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 240 ширхэг тусгай
зориулалтын машин механизмын парк шинэчилнэ. Нийтийн эзэмшлийн 157 га талбайд хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж, байгууллага, орон
нутгийн өмчит аж ахуйн тооцоот таван газраас арчилгаа хийж байна.