Клубүүдийн ДАШТ: Л.Мессигийн баг шөвгийн 16-д шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-24 12:36:45

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 24. /ТАСС/. АНУ-ын хөл бөмбөгийн “Интер Майами”, Бразилын “Палмейрас” багууд клубүүдийн ДАШТ-ий плей-оффын шатанд шалгарснаар шөвгийн 16-гийн 8 баг тодорлоо.


Майами хотод болсон А хэсгийн шатны гуравдугаар тойргийн тоглолтод багууд 2:2 харьцаагаар тэнцсэн байна.


Тоглолтын 80 дахь минут хүртэлх хугацаанд бразилчууд хаалгандаа хоёр бөмбөг алдсан байлаа. Америкийн багаас Тадео Альенде (16 дахь минут), Луис Суарес (65) нар, Бразилын багийн  Паулиньо (80), Маурисио (87) нар гоол оруулжээ.


Тоглолт тэнцсэнээр "Палмейрас", "Интер Майами" багууд ижилхэн 5 оноотой болж, оруулсан ба хаалгандаа алдсан бөмбөгний зөрүүгээр Бразилын баг хэсгээ тэргүүллээ. Тус хэсэгт тоглосон Португалын "Порту", Египетийн "Аль-Ахли" багууд гуравдугаар тойрогт 4:4 харьцаагаар хоорондоо тэнцсэнээр тус бүр 2 оноотой болж, хэсгээсээ гарч чадсангүй.  


Одоо шөвгийн 16-д “Интер Майами” баг Аваргуудын лигт түрүүлсэн Францын “"Пари Сен-Жермен" багтай 29-ний өдөр тоглоно. Америкийн багийн ахлагч, “Алтан бөмбөг” шагналыг 8 удаа хүртсэн Лионел Месси өмнө нь ПСЖ-д тоглож байсан билээ. Харин "Палмейрас" баг Либертадоресийн цомын эзэн, нутаг нэгт “Ботафого”-той тоглоно.  


Одоогийн байдлаар “Интер Майами”, “Палмейрас”, ПСЖ, “Ботафого”, Германы “Бавариа”, Бразилын “Фламенго”, Английн “Манчестер Сити”, Италийн “Ювентус” гэсэн найман баг шөвгийн 16-д шалгараад байна. Хасагдах шатны тоглолтууд 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 1-нд явагдана.


АНУ-ын хотуудад болж буй клубүүдийн ДАШТ-д анх удаагаа 32 баг оролцож, 8 хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд хэсэг тус бүрээс хоёр баг шөвгийн 16-д шалгарч, тоглолтоо үргэлжлүүлнэ.

Финалын тоглолт долоодугаар сарын 13-нд болно. 

Холбоотой мэдээ