Цагдаагийн алба хаагчид ахмадуудын хашааг сэлбэн засчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-07 20:22:53

Дундговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид гэр хороололд аж төрдөг ахмад настнуудын хашааг сэлбэн засч, тохижуулсан байна. Энэ нь цагдаагийн алба хаагчдын ахмадуудад чиглэсэн сайн үйлс бөгөөд нөгөө талаар гэр хороололд хөршийн холбоо үүсгэн, гудамжны өнгө үзэмжийг сайжруулахаар зорьжээ.

Цагдаагийн алба хаагчид гэр хороололд аж төрдөг 6 айлыг сонгосон байна.Өөрсдийн хөрөнгө хүчээр айлуудын хашааг тэгшилж, шороон будгаар өнгө жигдрүүлэн, нээж хаахад хялбарыг бодож хашааг гүйдэг хаалгатай болгож засчээ. Мөн байшингийн нь дээврийг будаж, хашааг нэгэн ижил хээгээр “гоён”, хаягжуулсан байна.

Цагдаагийн газрын хэлтэс, алба тус бүр нэг айлын хашааг хариуцан ийнхүү нэгэн ижил загвараар тохижуулсан бөгөөд энэ санаачлагыг үргэлжлүүлж, гэр хорооллын гудамжны өнгө төрхийг засахад хувь нэмэр оруулахыг бусад байгууллага, аж ахуйн нэгжид ч уриалжээ.

Цагдаагийн алба хаагчид сайн үйлсийн аянаа “Ахмадууддаа туслая” гэж хэмээн нэрлэсэн байна. Урьд нь тэд ахмад настан, амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд өөрсдийн цалингаас хандив цуглуулан хүнсний бүтээгдэхүүн, нүүрс түлээгээр тусалж байсан бөгөөд цаашид ч сайн үйлсээ үргэлжлүүлэх юм байна.

Т. Отгонтуяа           

Холбоотой мэдээ