Хөдөлмөрийн хэлтэс ирэх онд 1000 хүнийг ажлын байранд зуучилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-08 19:14:16
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн асуудлаар өнөөдөр агентлагийн дарга нар ярилцлаа. Тэд Нийгмийн халамж, Эрүүл мэндийн, Хөдөлмөр эрхлэлтийн талаар голлон санал солилцсон байна.

Тодруулбал Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлд тусгах асуудлуудаа танилцуулж 2016 оны тайлангаа тавьсан байна. Тэд цаашид өрх толгойлсон эцэг эх өндөр настан зэрэг нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа  шаардлагатай өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа үзүүлж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллах чиглэлийнхээ талаар дурдсан юм.

Хөдөлмөрийн хэлтсийн хувьд ирэх онд 1000 хүнийг ажлын байранд зуучлах бөгөөд хамгийн гол нь 18-35 насны залуусын мэдлэг ур чадварыг дээшлүүлж чадварлаг боловсон хүчин бэлтгэх тал дээр голлон анхаарна гэдгээ илэрхийлж байсан юм Түүнчлэн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-5 төвшний 57 өрхийг амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрт хамруулах замаар ядуурлаас гаргахад нь дэмжлэг үзүүлэх тухайгаа үндсэн чиглэлдээ тусгажээ.

Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс малчин хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэд оюутан суралцагчдын эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлж ажиллах юм. Даатгуулагчдад үзүүлж байгаа эмчилгээний чанарт тавих хяналтыг эрүүл мэндийн байгууллагуудад хийж Төв аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч байгууллагуудыг орон нутагт нь НД-д хамруулах арга хэмжээг зохион байгуулах тухайгаа Төв аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлдээ тусгасан байна.

Түүнчлэн ГХЗХГазраас хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавьж эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхээс гадна хүүхдийн хөгжил оролцоог хангаж эх оронч сэтгэлгээтэй, ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч ажиллах талаараа үндсэн чиглэлдээ тусгажээ. Төв аймаг  энэ онд багтаан 2017 оны үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл, үзэл баримтлалыг эцэслэн гаргана.

 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ