Хоёр суманд булгийн эх ундаргыг хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-09 11:02:00

Дундговь аймгийн БОАЖ- ын газар жил бүр хоёр суманд булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг тухайн сумын Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, тогтвортой хөгжлийн багтай хамтран зохион байгуулдаг. Энэ жил Сайнцагаан сумын нутаг дахь Их булаг, Гурвансайхан сумын Тал булгийг тус тус хашиж хамгаалсан байна. Үүнд Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас тус бүр 2.5 сая төгрөг зарцуулжээ.

Дундговь аймагт 140 гаруй булаг шанд тоологдсон байдаг. 2008 оноос хойш булгийн эх ундаргыг хамгаалахад хөрөнгө зарцуулж, анхаарал хандуулж ирсэн бөгөөд энэ жилийнхтэй нийлээд 35 булгийн ундарга хамгаалагдсан байна.

Урьд нь тендэр зарлаж, шалгарсан аж ахуйн нэгж булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг гүйцэтгэдэг байсан бол сүүлийн жилүүдэд хөрөнгийг тухайн сум руу шилжүүлснээр сум өөрөө хариуцан булгийн эхийг хамгаалж, эргээд засч тордох үүрэг хүлээдэг болжээ. Хашиж хамгаалсан булгийг ойролцоох малчдад ч мөн хариуцуулдаг байна. Ингэснээр хөрөнгө зарж хийсэн ажил харж хандах эзэнтэй болжээ.  

Т. Отгонтуяа           

 

Холбоотой мэдээ