Баянхонгор, Хөвсгөл аймгийн баг тамирчид алтан медальтай буцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-09 20:27:49

 Волейболын спортын ууган гавъяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэн агсны нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн Мандалговь хотод 7 өдрийн турш үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө. 16 аймаг, Улаанбаатар хотоос 62 баг тамирчин энэ удаагийн тэмцээнд хүрэлцэн ирж хурд хүч сорин өрсөлдсөн юм.

 Медалийн төлөөх тоглолтод охид, хөвгүүдийн тус бүр 4 баг тунан өрсөлдсөнөөр тэмцээн дүнгээ гаргаж, медалийн эзэд тодорлоо. Алтан медалийн төлөө Дундговь аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургууль, Баянхонгор аймгийн охидын баг, Улаанбаатар хотын Хасуу Мега старс, Хөвсгөл аймгийн Их уул сумын хөвгүүдийн баг тус тус өрсөлдөн, Баянхонгор аймгийн охид, Хөвсгөл аймгийн Их уул сумын хөвгүүдийн баг алтан медаль зүүж, Дундговь аймгийн охид, Хасуу мега старс хөвгүүдийн баг мөнгөн медалийн эзэд болсон юм.

Хүрэл медалийн төлөө Баянхонгор, Дархан- Уул аймгийн хөвгүүд, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгийн охидын баг өрсөлдөн, Баянхонгор аймгийн хөвгүүд, Сэлэнгэ аймгийн охидын баг ялалт байгуулав.

Тэмцээний шилдэг тоглогчдыг мөн тодруулсан. Шилдэг хамгаалагчаар Хөвсгөл аймгийн Мэндбаяр, Говьсүмбэр аймгийн Ц.Дэлгэрцэцэг, Шилдэг хаагчаар Дархан- Уул аймгийн А.Элдэв- Очир, Дундговь аймгийн Н. Болормаа, шилдэг давуулагчаар Дундговь аймгийн О. Мөнгөнцэцэг, Баянхонгор аймгийн Г. Цэнд- Аюуш, Шилдэг холбогчоор Баянхонгор аймгийн Ц. Цэдэвнамбар, Хасуу Мега старс багийн н.Болд- Эрдэнэ нар шалгарсан бол Сэлэнгэ аймгийн Э. Бадамцэцэг, Хасуу Мега старс багийн Санчир нар шилдэг довтлогчийн шагналыг хүлээн авсан юм.

Харин энэ жилийн тэмцээний Шилдэгийг шилдэг тоглогчийн шагналыг шүүгчдийн санал нэгтэйгээр Баянхонгор аймгийн Ж. Хулан, Хөвсгөл аймгийн С. Нямсүх нарт гардуулж, Баянхонгор аймгийн охидын багийн дасгалжуулагч Б. Мөнхбат, Хөвсгөл аймгийн Их Уул сумын хөвгүүдийн багийн дасгалжуулагч Л. Мөнгөншагай нар шилдэг дасгалжуулагч боллоо.

Т. Отгонтуяа   

        

 

Холбоотой мэдээ