Монгол орны өнцөг булан бүрээс тамирчид ирсэн нь тэмцээний нэр хүндийг илтгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬВолейболын спортын ууган гавъяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэн агсны нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж, тэмцээний ялагчдад шагналыг нь гардуулсан юм. Шагналыг Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат- Энх, А.Доржсүрэн агсны охин Д. Болормаа нар гардуулж, тамирчдад амжилт хүслээ.
Аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ шагнал гардуулах ёслолыг нээж үг хэлэхдээ, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэн агсны волейболын спортыг Дундговь аймагт төдийгүй Монгол Улсад хөгжүүлэхэд оруулсан үйлс гавъяаг төрөлх нутгийнхан нь мөнхөд дуурсах учиртай. Энэ үүднээс түүний нэрэмжит тэмцээнийг цаашид ч дэмжин зохион байгуулдаг байхаар Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан гэсэн бол Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, “5 аймгийг эс тооцвол Монгол орны өнцөг булан бүрээс баг тамирчид хүрэлцэн ирсэн нь энэ тэмцээн ямар нэр хүндтэй, томоохон цар хүрэээй болж чадсаныг харуулж байна. Тамирчдын ч ур чадвар маш сайн байлаа. Бүр сумаас баг ирж тоглон алтан медаль авч чадаж байгаа нь Монгол Улсад волейболын спорт хэр сайн хөгжиж байгааг илтгэлээ” хэмээн онцолсон юм.
Тэрээр, өнгөрөгч наймдугаар сард Мандалговь хотод болсон ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнтэй нийлээд энэ жил Волейболын холбооны төлөвлөж байсан хоёр том тэмцээнийг өөрийн аймагтаа ийнхүү амжилттай зохион байгуулсан Дундговь аймгийн Засаг даргад талархал илэрхийлье гэв.
Тэмцээний ялагчдад шагнал гардуулах үеэр энэ тэмцээнийг үүсгэн санаачлагч “Дооёо багш” сангийн тэргүүн Д.Болормаа, тэмцээний мөнгөн медаль хүртсэн Дундговь аймгийн охидын багийн дасгалжуулагч н.Алтанзул нарт Дундговь аймгийн хүндэт тэмдгийг Засаг дарга О. Бат-Эрдэнэ гардуулсан юм.
Т. Отгонтуяа