Д.Трамп: Хагас дамжуулагчид татвар ногдуулах төлөвлөгөөг танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-06 09:50:56

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 6 /CNBC/. Хагас дамжуулагч болон чипүүдэд ногдуулах шинэ тарифын талаар ирэх долоо хоногт танилцуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгджээ.


Д.Трамп CNBC телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, бид хагас дамжуулагч, чипийг АНУ-д үйлдвэрлээсэй гэж хүсэж байгаа учраас тусдаа ангилалд хамааруулан тарифыг зарлах болно гэв. Тэрбээр энэ талаарх мэдэгдлийг “ирэх долоо хоногт багтаан” хийнэ гэж хэлсэн боловч төлөвлөгөөнийхөө талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.


Технологийн хэрэглээ эдийн засгийн бараг бүх салбарт, тэр дундаа үсрэнгүй хөгжиж буй хиймэл оюун ухааны салбарт өсөн нэмэгдсэнээр хагас дамжуулагч болон микрочипийн дэлхийн эрэлт огцом өсөөд байгаа юм. Дэлхийн хамгийн дэвшилтэт хагас дамжуулагчийн дийлэнх хувийг Тайванийн TSMC компани үйлдвэрлэдэг бөгөөд тус компанийн бүтээгдэхүүнүүдийг Apple, Nvidia, Qualcomm, AMD зэрэг компаниуд ашигладаг.


Д.Трамп дэлхийн олон улс орны импортын бараанд шинэ татвар ногдуулах захирамжид гарын үсэг зурснаасаа хойш хэдхэн хоногийн дараа дээрх мэдэгдлийг хийж байна. Мөн Тайванийн бараа бүтээгдэхүүнд энэ долоо хоногоос эхлэн 20 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаа боловч энэ хувь хэмжээг дөрөвдүгээр сарын 2-ны “чөлөөлөх өдөр”-өөр зарлаж байсан 32 хувийн татвартай харьцуулахад буурчээ.


Мягмар гарагт CNBC-д ярилцлага өгөх үедээ Д.Трамп хэлэхдээ, татвар тариф ногдуулах төлөвлөгөө нь дуусах болоогүй байгааг онцолжээ. Тэрбээр мөн импортын эмийн бүтээгдэхүүний тариф эцсийн дүндээ 250 хувьд хүрч магадгүй гэж мэдэгдсэн байна. Тэрээр өмнө нь ийм татварыг 200 хувьд хүргэж нэмэгдүүлнэ хэмээн хэлж байв. 

Холбоотой мэдээ