УИХ-ын дарга Увс аймгийн бүтээн байгуулалттай танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
montsame_user@montsame.mn
2015-09-04 15:39:47

  УИХ-ын дарга бөгөөд АН-ын дарга Зандаахүүгийн Энхболд Увс аймагт анх удаагаа ажиллаж байна.

   Тэрбээр энэ өглөө Улаангомд ирсэн бөгөөд Маршал Ю.Цэдэнбалын талбайд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсний дараа аймгийн удирдлагуудтай уулзаж, орон нутгийн цаг үеийн ажил байдлын талаар мэдээлэл солилцсон юм.

Тэрбээр Улаангомд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудтай биечлэн танилцсан бөгөөд “Гудамж” төслийн ажлын явцыг газар дээрээс нь харж, Дулааны Хоёрдугаар станц болон төв цэнгэлдэх хүрээлэнгээр орлоо. Үүнээс гадна УИХ-ын дарга З.Энхболд “Арвижих-Увс” компанийн хөөсөнцөр, сендвичин хавтан, төмрийн үйлдвэрүүд болон “Бумномин” компанийн махны үйлдвэр, “Зэл говь” компанийн модны үйлдвэрээр орж танилцан, Улаангомд шинээр барьсан орон сууцны хорооллын нээлтэд оролцлоо.

   Тэрчлэн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс зэрэг төрийн байгууллагууд болон Ардчилсан намын байраар орж ажил байдалтай нь танилцаад байна.

   УИХ-ын дарга өнөөдөр 16:30 цагаас Увс аймгийн ард иргэдтэй “Ойрад” ХЖТ-т уулзалт хийнэ.

   Тэрбээр баруун бүсийн Ардчилсан намынхны “Монгол хүн 2020 Өнөөдөр, маргааш” чуулганд оролцохоор энэ сарын 15-нд Увс аймагт ирсэн юм. Чуулган амралтын өдрүүдээр Увс нуурын хөвөөн дахь амралтын баазад болсон бөгөөд нийтдээ 500 гаруй зочид төлөөлөгч оролцлоо. 

Б.Батхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд