Уран зургийн сан хөмрөгөө дэлгэн үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн музей сан хөмрөгтөө хадгалагдаж байгаа уран зургуудаа үзэгчдэд дэлгэн үзүүлэхээр зэхэж байна. Тус музейд 300 гаруй уран зураг хадгалагддаг бөгөөд үүнээс Төрийн шагналт зураач Ё.Өлзийхутаг, М.Цэмбэлдорж, зураач Х.Цэрэндорж, Ц.Байды, Ш.Төмөрбаатар, П.Отгонсүрэн, П.Цээсүрэн, Ё.Чимэддулам нарын Дундговь аймгаас төрсөн зураачдын 80 гаруй зургийг энэ удаагийн үзмэрт дэлгэх ажээ.
Дундговийн музейн сан хөмрөг дэхь уран зургуудад Төрийн шагналт зураач Ё.Өлзийхутагийн зурсан хөрөг зургууд үнэтэй байр суурь эзэлдэг. Тухайлбал, түүний зурсан БНМАУ-ын гавъяат нэгдэлчин Дагдангийн хөрөг зургийг зураачид онцгойлдог бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дундговь аймагт айлчлах үеэр энэхүү хөрөг зургийг өөрийн хүсэлтээр үзэж байсан удаатай. Энэ зураг үзмэрт дэлгэгдэнэ.
Мөн Төрийн шагналт зураач М.Цэмбэлдоржийн байгалийн уран зургууд, тухайлбал “Сүм Хөх бүрд”, “Цагаан суварга”, “Улаан суварга”,”Дэлгэрхангай уул”, зураач Ё. Жигмэддуламын монгол зургийн аргаар зурж, Монголын Урчуудын эвлэлийн шагнал хүртсэн “Ертөнцийн гурван хөөрхөн”, “Хур харцага”, “Сартай шөнө”, Монголын уран зургийн түүвэр цомогт багтсан зураач Х.Цэрэндоржийн “Зарцын нүүдэл”, зураач П.Цээсүрэнгийн зурсан Дундговь аймгаас төрсөн гавъяатууд, тухайлбал Ардын жүжигчин Н.Дагийранз, Зууны манлай уртын дуучин Н. Норовбанзад, Ж.Дорждагва нарын хөрөг зураг үзэгчдийн мэлмий баясгана.
Уран зургийн үзмэр ирэх даваа гаригаас эхлэн энэ сарыг дуустал үргэлжлэх ажээ.
Т. Отгонтуяа