Сайнцагаан сумын нэгдүгээр цэцэрлэг хэвийн ажиллаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-11 13:18:43

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн барилгын засвар дуусч, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн горимд орсон байна.

Өнгөрсөн сарын эхээр цэцэрлэгийн тааз нуралт өгсний улмаас аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч дүгнэлт гарган цэцэрлэгийг энэ барилгадаа  үйл ажиллагаа явуулахыг зогсоогоод байсан  юм.

Эл асуудлыг аймгийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс хэлэлцээд барилгын таазыг бэхэлж, засвар хийвэл хичээлийн жилийг дуустал  цэцэрлэгийг хэвийн ажиллуулах боломжтой гэсэн шийдэлд хүрсэн. Энэ дагуу Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар засварын хөрөнгийг шийдэн, “Дөл БМБ” ХХК барилгын таазыг бэхлэн засч, хүлээлгэн өгчээ.

 Хэдийгээр таазыг бэхлэн зассан ч барилгын насжилт дууссан тул цаашид удаан хугацаанд ашиглах боломжгүй. Энэ талаарх дүгнэлтийг ч Мэргэжлийн хяналтын газраас нэг бус удаа гаргажээ. Тиймээс ойрын жилд 1- р цэцэрлэгийг шинэ барилгатай болгож, хүүхдийн сурч хөгжих аюулгүй орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага Дундговь аймагт тулгарч байгаа юм.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ