ДЭМБ: Улаан бурхан өдөрт 400 хүүхдийн аминд хүрч байна

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-11-11 14:06:50

ЛОНДОН. /Reuters/. Бүх нийтийг вакцинжуулах ажлыг эрчимтэй өрнүүлсний ачаар 2000 оноос хойш дэлхийн хэмжээнд улаан бурхан өвчнөөр нас барсан хүмүүсийн тоо 79 хувиар буурсан хэдий ч энэ өвчнөөр өдөрт 400 хүүхэд хорвоог орхиж байна гэж эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд мэдэгдлээ.

Улаан бурхны тархалтыг зогсоохын тулд дэлхийн улс орнуудын гаргаж буй хүчин чармайлтын талаарх тайланд дурдсан НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ болон бусад байгууллагын дүгнэлтэд "улаан бурхантай тэмцэх арга хэрэгсэл болон мэдлэг мэдээлэл дутмаг байгаа юм биш. Харин энэ халдварт өвчнөөс хамгаалахын тулд хүүхэд бүрийг дархлаажуулах улс төрийн хүсэл эрмэлзэл дутмаг байна” гэжээ.

“Хэрвээ улс орнуудын удирдлага хүчин чармайлт гаргахгүй байх аваас хямд бөгөөд хялбар аргаар сэргийлэх боломжтой энэ өвчнөөр хүүхдүүд амиа насаа алдсаар байх болно” гэж ЮНИСЕФ-ийн Дархлаажуулалтын асуудал эрхэлсэн газрын тэргүүн Робин Нэнди анхаарууллаа.

Бүх нийтийг дархлаажуулах кампанит ажлыг өрнүүлж, дэлхийн хэмжээнд дархлаажуулалтанд хамрагдах нь нэмэгдсэний үр дүнд 2000-2015 онд 20.3 сая хүүхэд, залуусын амийг аварчээ.

Гэхдээ дархлаажуулалтанд хамрагдаж буй байдал “алаг цоог” байгаа бөгөөд зарим улсын хүүхдүүдийн ихэнх нь вакцин хийлгээгүй аж. 2015 онд л гэхэд 20 сая хүүхэд улаан бурхны вакцинд хамрагдалгүй үлдэж, 134 мянган хүүхэд энэ өвчнөөр нас барсан байна. Вакцинжуулалтанд хамрагдаагүй хүүхдүүдийн тал хувь нь, улаан бурхнаар нас барагсдын 75 хувь нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Этиоп, Энэтхэг, Индонез, Нигери болон Пакистанд бүртгэгджээ.

Улаан бурхан нь шууд хүрэлцэх замаар, агаар дуслаар дамждаг халдварт өвчин юм.  Энэ нь дэлхийн хэмжээнд хүүхдүүдийн амь насыг хөнөөж буй гол өвчнүүдийн нэг аж. Гэхдээ хоёрхон тун, хямд үнэтэй вакцинаар л энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Өнгөрсөн онд Египет, Этиоп, Герман, Киргизстан болон Монголд энэ өвчин хамгийн их тархжээ. Герман болон Монголд насанд хүрэгчид улаан бурхны халдвар авсан тохиолдлууд бүртгэгдсэн нь дархлаажуулалтанд хамрагдаж байгаагүй насанд хүрэгчдэд вакцин хийх шаардлагатай гэдгийг харууллаа.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ