Д.Цэрэнханд:Сүүлийн дөрвөн жилд ОНХС-гийн санхүүжилт дандаа буурч ирсэн 

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-11-12 01:51:29

Орон нутаг хөгжүүлэх сан болон сум хөгжүүлэх сангийн санхүүжилт, зарцуулалтын талаар Завхан аймгийн Цагаанчулуут сумын Засаг дарга Д.Цэрэнхандтай ярилцлаа.

-Танай суманд  орон нутгийн хөгжлийн сан  болон сум хөгжүүлэх сангийн хуваарилалт, санхүүжилт хэрхэн олгогддог вэ?

-Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт нь тухайн орон нутгийн хүн ам, газарзүйн байршлаас хамаарч олгогддог санхүүжилт юм. Манай сумын хувьд ОНХСангийн санхүүжилтийг иргэдээсээ авсан саналын эрэмбийн дагуу зарцуулж байна. Сүүлийн дөрвөн жилийн байдлаас харахад санхүүжилт нь дандаа буурч ирсэн. Жишээ нь 2014 онд 106.0 сая, 2015 онд 73.3 сая, 2016 онд 58.5 сая төгрөг болсон байна.

Сум хөгжүүлэх сангийн хувьд 2011 оноос эхлэн олгогдож эхэлсэн, 2011-2016 оны хооронд нийт 178.0 сая төгрөгийн санхүүжилт орж ирсэн байна. Одоогийн байдлаар 71 хүнд 361,8 сая төгрөгийн зээл жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр олгогдсон байна. ОНХСангийн хувьд 2015 онд 12 ажил төлөвлөгдсөнөөс 11 нь хийгдсэн бөгөөд нэг ажил нь санхүүжилт дутуугийн улмаас хийгдээгүй хүлээгдэж байгаа. Мөн 2016 онд есөн ажил төлөвлөгдсөнөөс одоогийн байдлаар дөрвөн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

-ОНХСангийн хөрөнгийн зарцуулалтын талаар дэлгэрүүлбэл?

-Манай сумын хувьд ОНХС-ийн хөрөнгөөр багагүй ажил хийж гүйцэтгэсэн. Бидний зүгээс дараах гол гол ажлуудыг хийсэн байна. Энэ нь төсвийн тухай хуульд заасны дагуу ОНХС-аар сумын баяр наадмыг 5.0 сая төгрөгийн санхүүжилтээр тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн сумын төвийн гэрэлтүүлгийн шонгийн толгойг ледээр солих, хоёр шон нэмж суулгах зэрэг ажилд  8.0 сая төгрөг төсөвлөгдсөн бөгөөд уг ажлыг Улиастайн “Дооно ойгон “ХХК хийж гүйцэтгэсэн. Урьд нь дунджаар сард гэрлийн мөнгө 150.0 орчим мянган төгрөг гарч байсан бол гэрлийн толгойг лед гэрлээр сольсны дараа сард дунджаар 65.0 мянган төгрөгийн цахилгааны зардал гарч хэмнэжээ. Малыг ариутгах угаалга хийх, мал угаалгын ванн барих ажлыг Шүтээн –ус хоршоо 3.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Үүний үр дүнд нийт 62000 мянган  малд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн бөгөөд одоогоор мал угаалгын нэг ванн хийх ажил явагдаж байгаа төдийгүй малын хашаа, өтөг бууцыг ариутгах ажлыг Шүтээн ус хоршоо 6,8 сая төгрөгөөр хийж гүйцэтгэлээ. Түүнчлэн сумын онцгой байдлын санг 2.0 сая төгрөгөөр байгуулан үүнээсээ онцгой байдлын хувцас 150.000 төгрөгөөр худалдан авч үлдэгдлийг тусад нь данс нээн байршуулж шаардлагатай үед хэрэглэх юм.

-Бэлчээрийн усан хангамж, худаг ус гаргах талаар  ямар ямар ажлууд хийв?

-ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтанд батлагдсан бэлчээрийн усан хангамжийн асуудал  дээр 7.0 сая төгрөг батлагдсанаас хөдөөгийн гурван  багт тус бүр хоёр гар худаг, сумын төвд инженерийн хийцтэй нэг худгийг  сэргээн засварлах ажлыг хийсэн. Энэ хүрээнд  4,6 сая төгрөгийн санхүүжилтээр “Тэсийн бүрд“ ХХК инженерийн хийцтэй худгийн насосыг сольсон  ба багийн худгуудыг иргэд өөрсдийн хүчээр засаж сэлбэх ажлыг гүйцэтгэлээ. Мөн Арц баг нэг худаг гаргахаар санхүүжилтээ авсан ба энэ ажил одоогоор дутуу гүйцэтгэлтэй хийгдсэн байгаа.

-ОНХСангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудаас шүүмжлэл дагуулсан эсвэл чанаргүй гэж дүгнэгдсэн ажил бий юу?

-Манай суманд 2015 онд ОНХСангийн хөрөнгө оруулалтаар нийт 73.3 сая төгрөгийн хөрөнгө олгогдсон. Энэ хүрээнд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 7,5 сая төгрөгийн санхүүжилтээр сумын хогийн цэгийг дарах, хайсжуулах ажлыг Цагаантуурай хоршоо хийж гүйцэтгэлээ. Мөн тор татах, хогийн цэгийн хогийг түрж талбайг багасгах ажлыг хийж гүйцэтгэсэн. ИТХурлаас томилсон хяналтын зөвлөл ажлыг газар дээр нь очиж үзээд татсан торыг чанар муутай бөгөөд бусад ажил нь боломжийн гэж дүгнэсэн. Өөр шүүмжлэл дагуулсан ажил одоогоор гараагүй байна.

-ОНХС, СХСангийн хөрөнгийн захиран зарцуулалтанд сумын иргэдийн санал оролцоо хэр байдаг вэ?

-ОНХСангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудад иргэдийн саналыг авч асуудлыг эрэмбэлж гүйцэтгэлийг хангаж хийдэг. Иргэдийн оролцооны улмаас гарч байгаа санал нь нийтлэг эрх ашигт нийцүүлэхээс илүү хувь хүнд чиглэгдэж байгаа нь дутагдалтай санагддаг. Сум хөгжүүлэх сангийн зээлийн зарцуулалтын талаар иргэдэд мэдээлэл өгдөг боловч иргэдийн оролцоо төдийлөн сайн биш цаашид иргэдийн оролцоог хангах талаар шинэ санал санаачлагыг дэмжиж оролцуулах нь зөв юм. Өнөөдөр манай сумын иргэдийн 75 орчим хувь нь ОНХС, СХС-ийн талаарх  ойлголт сайн байна. Жилээс жилд санал хүргүүлэх, оролцох оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Тиймээс сум орон нутгийн хэтийн урт хугацааны төлөвлөлтийг хийж төлөвлөлтөндөө тулгуурлан хийх ажлын чиглэлийг гаргаж иргэддээ танилцуулж ажиллах, тэргүүлэх чиглэлээ тодорхойлж хүмүүсийн хөдөлмөрийг хорших замаар аж ахуй нэгжийн үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх төсөл авсан иргэд, аж ахуй нэгж, хоршоодын төслийн хэрэгжилтийн тайланг иргэдэд тавиулж үнэлгээ авах, өөрсдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах нь илүү үр дүнтэй гэж бодож байна.

-Иргэдийн зүгээс хяналт тавих боломжтой юу?

-Иргэдийн зүгээс хяналт тавих бүрэн боломжтой. Манай сумын хувьд ОНХСан болон СХСангийн зарцуулалт, хэрэгжилтийн талаар иргэдээр хяналт хийлгэн саналын хуудсаар асуулга авч ажилладаг.

-ОНХС, сум хөгжүүлэх сангийн хөрөнгө үр ашигтай зүйлд зарцуулагдаж чадаж байгаа юу?

-ОНХСангийн хөрөнгийн орон нутгийн хөгжилд хэрэгтэй төлөвлөсөн ажлуудын 80 хувь нь үр дүнтэй ажил болсон. Харин Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтын үр дүн нь суларч зориулалтын дагуу ашиглахгүй байх, эргэн төлөлт удааширах зэрэг сөрөг нөлөөлөл гарч байна. Өнөөдрийн байдлаар эргэн төлөлт 70 хувьтай байна. Цаашид зээлийн эргэн төлөлтийг банкаар дамжуулж олгох ба жижиг дунд үйлдвэрлэлийг сум бүрт байгуулсанаас  тухайн орон нутгийн онцлогт тохируулж бүсчилж хөгжүүлэх нь илүү тохиромжтой бөгөөд үр дүн сайтай гэж бодож байна.    

-Ер нь ОНХС,Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалт цаашид байх нь зөв үү?

-Сум орон нутагт энэ хоёр сан байснаар ард иргэд ажлын байр орлогын эх үүсвэртэй болж, орон нутгийн хөгжилд ахиц гарч татварын бааз суурь нэмэгдсэн. Үүний үр дүнд сумд орох татварын орлогын зургаан хувийг бүрдүүлж чадаж байна. Орон нутагтаа ч хэрэгтэй, Иргэддээ ч зөв зүйлд шаардлагатай хэрэгцээгээ тодорхойлж бүтээхэд дэмжлэг үзүүлж буй нь энэ хоёр сангийн үр дүн юм.

Орон нутаг хөгжүүлэх сан нь тухайн суманд хөрөнгө оруулалт хэлбэрээр хийгдэж буй нийгэм, хөдөө аж ахуйн салбар болон орон нутгийн ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн санхүүгийн дэмжлэг юм. Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгө нь сум хөгжүүлэх сангаас сум орон нутагт нэн тэргүүний шаардлагатай байгаа асуудлыг иргэдийн саналыг авч эрэмбэлэн санхүүжүүлдэг.

Харин сум хөгжүүлэх сан нь эргэн төлөгддөг бөгөөд аж ахуйн нэгж хоршоо, өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүмүүсийн амьжиргааг дэмжин олгогддог зээл юм. Ижил төстэй тал нь аль аль нь тухайн орон нутгийн хөгжлийг дэмжсэн иргэд нь аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн байдаг юм. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ