Орос хэл, соёлын арга хэмжээний нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-12 14:03:13

Сэлэнгэ аймагт анх удаа бүсийн хэмжээний орос хэл соёлын арга хэмжээ аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байна.

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд Монгол, Орос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа орос хэл, соёлын арга хэмжээний нээлт боллоо. Энэ удаагийн орос хэл, соёлын арга хэмжээнд Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн багш, сурагчид оролцож байна. Арга хэмжээний хүрээнд багш, сурагчдын дунд орос хэлний олимпиад, ОХУ-д /ЗХУ-д/ сургууль төгсөгчид, багш нарын уулзалт зохион байгуулагдах юм. Орос хэлний олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг ОХУ-ын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхийн бичиг, багш нарыг ОХУ-д мэргэжил дээшлүүлэх курст үнэ төлбөргүй суралцах эрх хүлээж байгаа ажээ.

Тус арга хэмжээг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь ОХУ-ын элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан соёлын төв, Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий консулын газар, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлтэй хамтран зохион байгуулж байна. Энэхүү Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтсоны 95 жилийн ой, Монгол, Оросын найрамдлын 56 дахь сарын хүрээнд зохион байгуулагдаж байгаа эл арга хэмжээний нээлтийн ажиллагаа Сүхбаатар сумын Улсын тэргүүний 1-р сургууль дээр болсон юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Оросын Шинжэх ухаан, соёлын төвийн захирал Е.Г.Михайлов, Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрын дэд консул С.Н.Чужаев, Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбарын багш С.И.Зандаков, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн референт В.С.Зимирёв, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн, Монгол Улсын Гавъяат багш Д.Цогзолмаа, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, аймгийн БСУГ-ын дарга Д.Загдгочоо нарын албан хүмүүс оролцлоо.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ