“Лэнд менежер” программ нэвтрэхэд бэлэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-15 17:34:34

Дорнод аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас “Лэнд менежер” программын сургалтыг бүх сумдын газрын даамал, мэргэжилтнүүдээ хамруулсан сургалтыг Чадангууд цогцолборт өнөөдөр амжилттай хийлээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас газрын кадастрын чиглэлээр “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх”, “Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программ хангамжийг хөгжүүлэх, нэвтрүүлэх” ажлуудыг гэрээ байгуулан 2013 оноос хэрэгжүүлэн зохион байгуулж байна.

Тухайн гэрээт ажлын хүрээнд Дорнод аймгийн 13 сумын хэмжээнд газрын кадастрын мэдээллийн санг солбицлын нэгдсэн тогтолцоонд хөрвүүлэн Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлэхэд бэлэн болж Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар болон гэрээт ажлын гүйцэтгэгч “Топмаф” компанитай хамтран дээрх сургалтыг хийлээ.

Сургалтын дараа тус аймгийн хэмжээнд газрын кадастрын шат дараалсан бүх үйл ажиллагааг агуулсан программ хангамж нь албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. Мөн уг ажлын хүрээнд сумдын Газрын даамлуудад газрын кадастрын мэдээллийн сан бүхий иж бүрэн компьютерийг хүлээлгэн өгчээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ