Л.Болд: Сонгуульд “цаасан царцаа” гэх луйврын технологи ашигласан байж болзошгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-16 18:18:14

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Болд Орон нутгийн сонгуулийн үеэр илэрсэн ноцтой зөрчлүүдийн талаар мэдээлэл хийв.

Тус байнгын хорооны хуралдаанаар Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар СЕХ-ны мэдээллийг сонссон юм. Харин УИХ-ын гишүүн Л.Болдын мэдээлэлд “2016 оны орон нутгийн сонгуулийн санал тоолох автомат “хар машин”-аас луйврын шинжтэй байж болох ноцтой зөрчил цөөнгүй тойрогт илэрсэн” гэлээ. Тодруулбал зарим дүүрэг, сумдын сонгуульд ашиглагдсан хар машины архивыг машинаас CD-нд шууд хуулбарлан авахад 2016 оны УИХ-ын сонгуульд өөр аймаг, суманд ашиглагдсан саналын хуудсууд хэдэн зуугаараа гарч ирсэн бөгөөд дийлэнхи нь МАН-ын нэр дэвшигчийн өмнөх дугуйг бөглөсөн байдалтай байсан гэв. Тэдгээр саналын хуудсууд нь тухайн орон нутгийн сонгуулийн хүчинтэй хуудсуудтай холилдсон дараалалтай байсан тул хар машин саналыг нь тоолж хүчинтэйд тооцсон байх магадлалтай бөгөөд “цаасан царцаа” гэх луйврын технологи байж болох тухай зарим эх сурвалж тайлбарлажээ.

Эдгээр зөрчил нь хар машин болон хүний хүчин зүйлийн алдаа юу, эсвэл улс төрийн нам хүчний зүгээс санаатай зохион байгуулсан санал луйвардах арга уу гэдгийг тогтоох нь зайлшгүй чухал болж байна. Иймд уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж орон нутгийн сонгуулийн үр дүнг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх санал, шаардлага тавьж байна гэж УИХ-ын гишүүн Л.Болд мэдэгдсэн юм.  

Мөн тэрбээр мэдээлэлдээ Нийслэлийн Сүхбаатар, Сонгино хайрхан дүүргүүдэд илэрсэн зарим зөрчилтэй холбоотой баримтыг хавсаргажээ. Тухайлбал Сүхбаатар дүүргийн 7-р хорооны 1958-р хэсгийн санал авах байрны санал тоолох хоёр машины дүн мэдээг 10-р сарын 19-ний орой 22.07 цагт ажиглагч нарт өгсөн билл, CD-г шалгах явцад нийт уншигдсан хүчинтэй саналын хуудасны тоо 455 байх ёстой атал 793 саналын хуудас гарсан байна. Үүний 338 нь УИХ-ын сонгуулийн 38-р тойргийн 14-р хэсэг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум гэсэн 2 янзын саналын хуудас байсан гэжээ.

Уг мэдээллийн дараа гишүүд СЕХ болон Бүртгэлийн байгууллагын удирдлагаас асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан тохиолдол цөөнгүй гарсныг тодруулахад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Орон нутгийн сонгуулийг зохион байгуулах, шийдвэр гаргах дээд түвшний байгууллага нь тухайн аймаг, дүүргийн Сонгуулийн хороод байдаг. Бидний зүгээс хуулиа барьж ажиллах талаар зөвлөмж өгдөг. Зарим тохиолдолд бидний зөвлөмжийг хүлээж авахаас татгалзсан ч удаа бий. Нэр дэвшигчдийн тухайд бидний зүгээс Үндсэн хуульд заасан сонгох сонгогдох эрхийг нь баталгаажуулах үүднээс санал хүргүүлсэн” гэлээ.

Мөн ОӨУБГ-ын дарга Р.Содхүү “Улсын бүртгэл, статистикийн байгууллага нэгдсэнээр энэ сонгуулиудад анх удаа маш үнэн бодитой сонгогчдын нэрийн жагсаалт гарсан. Маш олон давхардлыг арилгасан. Харин 2012 оноос ашигласан “хар машин” хуучирч элэгдэж байна. Сайжруулах, засч сэлбэх зайлшгүй шаардлагатай байна” гэсэн юм.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ