Далай ламын айлчлал Хятадын дургүйцлийг хүргэж болзошгүй

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-11-18 09:21:21

УЛААНБААТАР. /AP/. Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам энэ долоо хоногийн баасан гарагаас эхлэн Монголд дөрвөн өдрийн айлчлал хийх гэж байгаа тухай Монголын бурхны шашны төв Гандантэгчэнлин хийдийн лам нар пүрэв гарагт мэдэгдлээ.

Далай лам сүсэгтэн олонд ном айлдахаас гадна шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачид болон залуу үеийн төлөөлөлтэй уулзах ажээ.

Далай ламын айлчлал нь улс төрөөс ангид, “цэвэр” шашны зорилготой болохыг Гандантэгчэнлин хийдийн лам Даваапүрэв онцлон тэмдэглэсэн юм.

Түвдийн Буддын шашны удирдагч Далай ламтай гадаад орнуудын удирдагчид  уулзахыг далайд гарцгүй Монгол Улсын өмнөд хөрш болох Хятад улсын эрх баригчид эсэргүүцсээр ирсэн юм. Тэд Далай ламыг “салан тусгаарлагч” гэж үздэг.

1959 онд Хятадын дэглэмийг эсэргүүцсэн бослого амжилтгүй болсноор Далай лам Энэтхэг рүү дүрвэсэн билээ.

Буддын шашны удирдагч Түвдийг өөртөө засах илүү өргөн эрхтэй болгохыг эрмэлзэж байгаа бол Хятадын тал түүнийг Түвдийг тусгаар тогтносон улс болгохыг оролдож байна гэж буруушаасаар байгаа юм.

Монгол Улс нь худалдаа, эдийн засгийн хувьд Хятад улсаас ихээхэн хамааралтай. Далай лам 2006 онд Монголд айлчлах үеэр Бээжин хоёр улс хоорондын төмөр замын үйлчилгээг зогсоож, хуваарьт нислэгт саад учруулж байсан билээ.

Далай лам Монголд ес дэх удаагаа айлчлах гэж байгаа нь энэ юм. Тэрбээр Монголд 1979 онд анх удаагаа айлчилж байсан.

https://www.washingtonpost.com/world/asia_pacific/dalai-lama-to-visit-mongolia-possibly-sparking-china-anger/2016/11/17/96f035f6-acc1-11e6-8f19-21a1c65d2043_story.html

Г.Доржханд

Холбоотой мэдээ