Археологийн хүрээлэн Хүннүгийн цогц 1000 гаруй шинэ дурсгал илрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭШинжлэх ухааны ажилтны өдрийг угтан Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.
Өдөрлөгт тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Цогтбаатар 2016 онд хийсэн хээрийн шинжилгээний урьдчилсан үр дүнгээс танилцуулав.
Тэрбээр, “Өнгөрсөн онд дотоодын санхүүжилт, төсөл хөтөлбөрт 9, гадаад орны хүрээлэнгүүдтэй хамтарсан 23, нийт 40 шахам хээрийн шинжилгээний анги ажиллалаа. Герман, Япон, Франц, ОХУ улстай хамтарсан томоохон төсөл хэрэгжиж байна. Мөн БНСУ-ын судалгааны байгууллагуудтай хамтарсан Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Хүннүгийн судалгааг шинээр эхэлж байна. Энэ зун Төв болон зүүн аймгийн нутгийг хамарсан “Монголын чулуун зэвсгийн үеийн судалгаа”-гаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт зөвхөн түүвэр байдлаар /газрын хөрсөн дээрээс түүсэн/ сумны зэвүүд олдсон. Мөн Хэнтий аймгийн 8 сумын нутгаас нэг дор 2-3 Хүннүгийн цогц, нийт 1000 гаруй шинэ дурсгал илрүүлсэн” гэв.
Мөн тэрбээр, “Гадаадын судлаачидтай хамтран ажилаж байгаа нь сүүлийн үеийн археологи судалгааны шинэ аргазүйг нэвтрүүлэх, малтлагаар гарсан олдворуудын он цагийг гадаадын өндөр хөгжилтэй томоохон лабораторид тогтоох, дээжийн нарийвчилсан шинжилгээ хийх, судалгааны дүнг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, гадаад орны судлаачдыг татан оролцуулах, хэлэлцүүлэх боломжтой. Мөн үндэсний судлаачид, залуучуудыг бэлтгэх, сургах ажилд хамтарсан судалгаа ач холбогдолтой. Үүнээс гадна шинжлэх ухааныг дэмждэг сан, байгууллагуудаас хөрөнгө босгож судалгаа хийдэг. Улс орны эдийн засгийн байдал хүнд, шинжлэх ухаанд зориулах хөрөнгө хомсдолтой байгаа энэ үед Монгол нутаг дахь эртний түүхийн дурсгалыг судалж түүхийг баримтжуулахад чухал ач холбогдолтой” хэмээн тодотгов.
Тус хүрээлэнгийн санаачилгаар хэрэгжиж буй “XVII зууны үеийн Монголын хотууд” төслийн хүрээнд Сарьдгийн хийдийн томоохон судалгааг дотоодын санхүүжилтээр 3 жил дараалан явуулж байгаа аж. Энэ судалгааны ажлын үр дүнд илэрсэн шинэ олдворуудаар 2017 оны 2 дугаар сард томоохон үзэсгэлэн гарган, Өндөр Гэгээн Занбазарын байгуулсан Сарьдгийн хийдийн зохион байгуулалт, эд өлгийн зүйлийг олон нийтэд толилуулах юм.
Энэ үеэр 2016 оны зуны хээрийн шинжилгээний үр дүнд илэрсэн дээд палеолитын үеэс XVII зууны үе хүртэлх олдворуудын дээжээр үзэсгэлэн гаргасан байв. Тухайлбал, дээд палеолитын үеийн жадны гилбэр, неолитын 8000 жилийн тэртээх чулуугаар хийсэн сумны зэв, үр тариа цайруулах чулуун самбар, хүрэл зэвсгийн үеийн чулуун шанага, хүрэл зэв, хонх, байлдааны зээтүү, Хүннүгийн үеийн хазаарын чимэглэл, XVII зууны үеийн хийдийн бурхан шашин, тахил тайлгын эд өлгийн зүйлийг дэлгэн тавьжээ.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутгаас малтсан Хүннүгийн үеийн одоогоос 2000 жилийн тэртээх булшнаас гарсан хүний араг яс болон үхэр, адууны толгойн яс зэрэг урьд өмнө дэлгэж байгаагүй археологийн малтлагаар илрүүлсэн шинэ олдвор олны сонирхлыг татаж байв.
Мөн 2016 онд тус хүрээлэнгээс эрхлэн гаргасан археологийн бүтээлээс гадна түүхийн сурвалж бичигт тулгуурласан 40 гаруй ном, товхимлыг худалдаж байлаа.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т олон нийт, ЕБС-ийн сурагч, оюутны төлөөлөл хүрэлцэн ирж, Монголын түүхийн шинжлэх ухааны суурь судалгааны ажил, эрдэмтэн судлаачдын судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний ажлын үр дүнтэй танилцав.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр